Ховд, Архангай, Дархан-Уул аймагт сургалт үргэлжилж байна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сангийн хамтран зохион байгуулж буй "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй” сургалт Ховд, Архангай, Дархан-Уул аймаг дахь III, IV, V бүсэд өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эхэллээ.

 

III бүсийн сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, IV, V бүсийн сургалтыг тус хүрээлэнгийн судлаач багш М.Цэдэвсүрэн, Б.Хонгорзул нар нээж, "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй” сургалтын зорилго, онцлог, ач холбогдлын талаарх мэдээллийг өгсөн юм.

Сургалтыг Үндсэн хууль ба хүний эрх, шүүгчийн ёс зүйн чиглэлээр бэлтгэгдсэн сургагч багш нар батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу удирдан явуулна.

 

III бүсийн сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгчид оролцож байна.

 

Харин IV бүсийн сургалтад Архангай, Өвөрхангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчид, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчид, V бүсийн сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчид оролцож байгаа юм.

 

Сургалт маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусах бөгөөд сургалтын төгсгөлд "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй” гарын авлагыг оролцогчдод өгөх юм.

  

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН