БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ I УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр улиралд өмнөх оны үлдэгдэл 16 хэрэгт нэмж 82 эрүүгийн хэрэг хүлээн авч, шийдвэрлэвэл зохих нийт 98 эрүүгийн хэргээс 2 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 1 хэргийг түдгэлзүүлж, 1 хэргийг шилжүүлж,  73 хэргийг шийдвэрлэж, 21 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 45 хэргээр буюу 45,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрөлжүүлбэл, хүнийг алах  гэмт хэрэг 3, үүнээс хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах 2,  бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах 3, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 29, хүчиндэх 4, хулгайлах 10, залилах 4, мал хулгайлах 2, хахууль авах 1,  хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 8, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 4, эрүүгийн хуулийн бусад зүйлээр 6 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 79 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 3, 18-21 насны 5 хүн, 22-29 насны 20 хүн, 30-34 насны 16 хүн, 35-аас дээш насны 35 хүн, Шүүхээр ял шийтгүүлсэн 79 хүний 22 хүнийг хорих ялаар, 22 хүнийг торгуулийн ялаар, 14 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 9 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзсан байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 51532000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 73 эрүүгийн хэргийн улмаас 49 эрэгтэй, 26 эмэгтэй, 2 насанд хүрээгүй хүүхэд, 6 хуулийн этгээд, 9 төрийн байгууллага хохирч, 4 хүн нас барсан бөгөөд 39 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 132901866 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 3 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоон шийдвэрлэжээ.

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар тус шүүх сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 9 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 9 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ. Энэ хугацаанд 5 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 9 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 7 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 1-р улирлын байдлаар зөрчлийн 69 хэргийг хүлээн авч 68 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 26, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 36, хулгайлах зөрчил гаргасан 6 байна.

 Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16 зөрчлийн хэргээр буюу 19 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-03-23