2020 ОНЫ I УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ I УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1  дүгээр улиралд 12 нэхэмжлэлийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт  39 захиргааны хэргээс 18 хэргийг шийдвэрлэж, 21 хэргийн үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хэргээр буюу 13,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 18 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, төрийн албаны маргаан 5, газрын маргаан 2, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 5, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 3, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой /тендер/ маргаан 1, бусад хуулиар 2 маргааныг шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт шийдвэрлэсэн 28 захиргааны хэргээс 5 хэргийг хялбаршуулсан журмаар, 13 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 17 удаа, захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд 3 удаа, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 2 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр улиралд хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1193400 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ I УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр улиралд өмнөх оны үлдэгдэл 16 хэрэгт нэмж 82 эрүүгийн хэрэг хүлээн авч, шийдвэрлэвэл зохих нийт 98 эрүүгийн хэргээс 2 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 1 хэргийг түдгэлзүүлж, 1 хэргийг шилжүүлж,  73 хэргийг шийдвэрлэж, 21 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 45 хэргээр буюу 45,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрөлжүүлбэл, хүнийг алах  гэмт хэрэг 3, үүнээс хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах 2,  бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах 3, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 29, хүчиндэх 4, хулгайлах 10, залилах 4, мал хулгайлах 2, хахууль авах 1,  хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 8, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 4, эрүүгийн хуулийн бусад зүйлээр 6 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 79 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 3, 18-21 насны 5 хүн, 22-29 насны 20 хүн, 30-34 насны 16 хүн, 35-аас дээш насны 35 хүн, Шүүхээр ял шийтгүүлсэн 79 хүний 22 хүнийг хорих ялаар, 22 хүнийг торгуулийн ялаар, 14 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 9 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзсан байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 51532000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 73 эрүүгийн хэргийн улмаас 49 эрэгтэй, 26 эмэгтэй, 2 насанд хүрээгүй хүүхэд, 6 хуулийн этгээд, 9 төрийн байгууллага хохирч, 4 хүн нас барсан бөгөөд 39 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 132901866 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 3 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоон шийдвэрлэжээ.

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар тус шүүх сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 9 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 9 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ. Энэ хугацаанд 5 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 9 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 7 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 1-р улирлын байдлаар зөрчлийн 69 хэргийг хүлээн авч 68 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 26, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 36, хулгайлах зөрчил гаргасан 6 байна.

 Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16 зөрчлийн хэргээр буюу 19 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ I УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь  2020 оны 1 дүгээр улиралд буюу нийт 382 нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 84 иргэний хэрэгтэй хамт нийт 466 иргэний хэргээс 22 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 нэхэмжлэлийг буцааж, 1 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, нийт 305 иргэний хэргийг шийдвэрлэж, 135 хэргийн үлдэгдэлтэй байна.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 147 хэргээр буюу 31,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 305 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл:

Иргэний хуулиар 85 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээ 36, зээлийн гэрээ 9, түрээсийн гэрээ 3,  ажил гүйцэтгэх гэрээ 3, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ 19, гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол 3, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан маргаан 3, бусад иргэний эрх зүйн маргаанаар 9 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 180 хэрэг шийдвэрлэснээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт 9, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 139, бусад төрлийн хүсэлтээр 32 хэргийг шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 15 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулсан 14, эцэг тогтоосон 1 хэргийг шийдвэрлэж, 36 хүүхдэд хүүхдийн тэтгэлэг тогтоожээ.

Хөдөлмөрийн тухай хуулиар 15 хэрэг шийдвэрлэснээс ажлаас буруу шилжүүлсэн 2, ажлаас үндэслэлгүй халагдсан 10, цалин хөлсний маргаан 1, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн маргаан 1-ийг тус тус шийдвэрлэсэн байна. 

Нийгмийн даатгалын багц хуулиар 1, бусад хуулиар 1 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 305 хэргийн 76 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 221 хэргийг шүүх хуралдаанаар, 8 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр улиралд хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15562346 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

2020 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ I УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны  шүүх нь 2020 оны  1 дүгээр улиралд буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 24 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9 хэргээр буюу 37,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 Давж заалдах шатны шүүхээр иргэний хуулиар 15, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 5, хөдөлмөрийн тухай хуулиар 3, гэр бүлийн тухай хуулиар 1 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж нийт 24 иргэний хэргийг шийдвэрлэснээс 8 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 9 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 7 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүх 2020 оны   1 дүгээр улиралд эрүүгийн 12 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7 хэргээр буюу 58,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр хүнийг алах  гэмт хэрэг 1,  бусдын эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг 1, хулгайн гэмт хэрэг 1,  залилах гэмт хэрэг 1 , мал хулгайлах гэмт хэрэг 1, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 4, хахууль авах гэмт хэрэг 1 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж, нийт 12 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 5 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 4 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 3 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2020 ОНЫ I УЛИРЛЫН МЭДЭЭ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 189 өргөдөл хүлээн авснаас 30 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 30 өргөдлийг өргөдөл гаргагчид буцааж, 103 өргөдлийг шийдвэрлэж, 26 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

2020 онд шийдвэрлэгдсэн өргөдлийг 2019 оны мөн үетэй шийдвэрлэгдсэн өргөдөлтэй харьцуулж үзвэл 4 хувиар буурсан байна.

Шийдвэрлэгдсэн 103 өргөдлөөс талууд хоорондоо эвлэрч, маргааныг амжилттай дуусгасан 95, талууд эвлэрэхээс татгалзсан буюу маргаан шийдвэрлэлт амжилтгүй болсон 8 өргөдөл байна.

Талуудын  эвлэрсэн 54 эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэгдсэн 103 өргөдлийг маргааны төрлийг авч үзвэл иргэний маргаан 93, гэр бүлийн маргаан  10 байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-03-23