ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН Б.ЖАВЗАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Өндөр насны тэтгэврээ тогтоолгож, гавьяаныхаа амралтаа авсан шүүхийн үйлчилгээний ажилтан Б.Жавзанд тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж тус шүүхийн шүүгч С.Өмирбек хэлсэн үгэндээ “Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүгч, ажилтнуудын цэвэр, цэмцгэр орчинд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангахад Таны оруулсан нөр их хөдөлмөрт хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье, танд болон гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Хамт олонтойгоо эргэх холбоотой байгаарай” гэж, хамт олноо төлөөлөн дурсгалын зүйл гардуулан өглөө.

Уг арга хэмжээний үеэр Ерөнхий шүүгч З.Гүлбарша, шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат нар шүүхийн үйлчилгээний ажилтан Б.Жавзанд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг дараа Б.Жавзан “Тус шүүхэд ажиллаж өнгөрүүлсэн өдрүүд минь миний амьдралын сэтгэлд хоногшсон, дурсамжаар дүүрэн, хамгийн мартагдашгүй он цагууд байх болно. Манай гэр бүлийн хүн ч тус шүүхэд олон жил шүүгчээр ажилласан хүн. Шүүхэд ажилласандаа үргэлж баярлаж, чадварлаг шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнуудаараа үргэлж бахархаж явдаг. Та бүхэндээ их баярлалаа, ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж хамт олондоо талархсанаа илэрхийллээ.

Шүүхийн үйлчилгээний ажилтан Б.Жавзанд баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН

2020-12-30