БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 2020 ОНЫ АЖЛЫН ДҮНГЭЭР 4 ДҮГЭЭР БАЙРАНД ШАЛГАРЛАА

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”-д заасны дагуу улсын хэмжээний анхан болон давж заалдах шатны 41 шүүхийн Тамгын газрын 2020 оны үйл ажиллагааг үнэлэн нэгдсэн дүнг олон нийтэд танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг нийт шүүхийн Тамгын газруудаас 2020 оны онцлох ажил, шүүхийн захиргааны удирдлагыг үр бүтээлтэй хэрэгжүүлж, манлайлан ажилласан 5 шүүхийн тамгын газрыг шалгаруулсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр тушаалаар “Бүх шатны шүүхийн тамгын газрын 2020 оны үйл ажиллагааны үнэлгээ”-г батлахад анхан болон давж заалдах шатны нийт 41 шүүхийн Тамгын газраас Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар 2020 оны ажлын дүнгээр 4 дүгээр байранд шалгарсан байна.

Холбогдох журамд зааснаар шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг хууль тогтоомж, тогтоол шийдвэр, салбарын бодлогын баримт бичиг, тухайн жилийн тэргүүлэх зорилтын хэрэгжилт, байгууллагын чиг үүрэг, нээлттэй ил тод байдал, хүний нөөцийг чадавхжуулж, тогтвор суурьшилтай ажиллуулсан байдал, шилэн данс хөтлөлт зэргийг үнэлэн, “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын хүрээнд иргэдээс авсан судалгааны үр дүнд тулгуурлан үнэлэх юм.

Шүүхийн Тамгын газар  нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бусаар ажиллах, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй шүүхийн захиргааны байгууллага юм. Энэхүү хуульд заасан чиг үүргээ “Хангалттай” үнэлгээтэй биелүүлж, 2020 оны онцлох ажил, шүүхийн захиргааны удирдлагыг үр бүтээлтэй хэрэгжүүлж, манлайлан ажиллан 4 дүгээр байранд шалгарсан Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Тус аймаг дахь шүүхийн Тамгын газар нь шүүхийн захиргааны 30 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН,

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-02-18