БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлан  2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлд “Бүх шатны шүүхийн шүүгчдээс бүрдсэн хуралдаан /нийт шүүгчийн чуулган/-ыг хоёр жил тутам зохион байгуулна” гэж хуульчилсан.

Үүний дагуу Нийт шүүгчийн чуулганыг Улсын дээд шүүхээс хоёр, Нийслэлийн Эрүү, Иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тус бүр нэг, дүүргийн анхан шатны шүүхээс  шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо ажиллаж байгаа гишүүдээс хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Нийт шүүгчийн чуулганаар,

  • Шүүхийн Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох,
  • шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах,
  • Шүүхийн Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох
  • Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах,
  • шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцэн зөвлөмж гаргадаг юм.

Энэ удаагийн нийт шүүгчийн чуулганд Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс 10 шүүгч биечлэн, 2 шүүгч цахим сүлжээгээр оролцож байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-10-11