Түүхэн замнал

 БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

1926 оноос эхлэн 5 аймаг, орон нутгийн гурван хот, 71 хоршоонд шүүх байгуулагдсан ба энэ үед Алтай, Урианхай аймгийн 5 дугаар хурлаас цэргийн ба зарга шийтгэх хэлтсийг байгуулж, даргаар нь Алтайн Урианхайн чуулганы яамд эх зохиогч бичээч байсан Хорлоогийн Заят гэдэг хүнийг ажиллуулжээ.  

1931 онд нутгийн хошуудыг татан буулгахад түүний харьяа байсан хошуудын шүүхийг татан буулгаж, улсын хэмжээгээр 38 ангийн шүүх анх байгуулахад Алтайханы хошууны харьяа Алтанцөгц, Цэнгэлхайрхан, Жаргалант, Сагсай сумуудыг харьяалсан ангийн шүүхийг байгуулж даргаар нь Х.Заяат, Сэнчинжав, С.Дашжав, нарийн бичгийн даргаар Дамдиндорж, Сүжигт нарын хүмүүс ажиллаж эхэлжээ. Мөн казах хошуудыг харьяалсан аймгийн шүүх Бот-Хара хошуунд байгуулагдаж даргаар нь Жетекбайн Наран, нарийн бичгийн даргаар Өнгенбайн Зейнолда нар ажиллаж байжээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1 дүгээр тогтоолоор 1933 онд хэсгийн шүүхүүдийг татан буулгаж, бага жижиг хэргүүдийг шүүн таслах эрхийг сумын захиргааны даргад хавсруулж, сумын дарга нар шүүхийн даргын үүрэг гүйцэтгэж байгаад 1939 онд Улсын Бага Хурлын 22 дугаар тогтоолоор сумын захиргааг шүүн таслах ажлаас чөлөөлжээ.

1940 онд Жетекбайн Наран гэдэг хүн тэр үеийн Казахын хошуудын дотор бичгийн соёлтой хувьсгалын үйл хэрэгт үнэнч шударга хөдөлмөрлөж явсан, хууль цаазыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан аймгийн анхны шүүгчдийн нэг байсан тухай тэмдэглэсэн байдаг.

1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдаж, аймгийн хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн анхдугаар Их хурлаас сонгогдсон бага хурлын гишүүдийн хуралдсан зохион байгуулалтын асуудлаар 1940 оны 8 дугаар сарын 18-нд шүүхийн дарга, нарийн бичгийн дарга 2 хүний орон тоотойгоор аймгийн шүүхийг анх байгуулж, даргаар нь  Маралын Цэнджавыг баталжээ.

1940 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр аймгийн шүүх үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэн шүүхийн даргын 01 тоот тушаалаар аймгийн шүүхийн орлогч даргаар Оразалын Авилтай, нарийн бичгийн даргаар Ёндоогийн Лэгдэн, зарлагаар Түвдэн нарыг томилж, 5 хүний орон тоотой ажлаа эхлэв.

Аймгийн шүүх анх байгуулагдахдаа ардын төлөөлөгчид 50 хүнийг сонгож, түүнд шинэ Үндсэн хууль, Сайд нарын зөвлөлийн 4, 16, 26 дугаар тогтоолуудаас хичээл зааж шалгалт авч байжээ.

Шинээр байгуулагдсан аймгийн шүүх  1940 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр анхны ажлын төлөвлөгөөг зохиож аймгийн Яамны Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулсан байна.

Шүүх анхны ажлын төлөвлөгөөнд сумдад нүүдлээр явах, сумдын дарга, нарийн бичгийн дарга нарт шүүхийн ажил төрлийн семинар өгөх, сумдын захиргаанаас хэрэг тасалж байгаа байдлыг шалган зааварлах зэрэг асуудлууд тусгагдсан байдаг.

 1940   онд аймгийн шүүх анх удаа байгуулагдан ажлаа гүйцэтгэж байсан эсгий гэр

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ

1940 онд шүүхийн тогтоол гүйцэтгэгч ба ерөнхий нарийн бичгийн дарга, таслан шийтгэх хурлын нарийн бичгийн дарга, бичээч зарлага гэдэг орон тоотой болжээ.  

1940 оны 10 дугаар сарын 20-ны үед шүүх, прокурорын хуваарьт гэр хараахан ирж амжаагүй учраас аймгийн захиргааны 2 жижиг гэрийг илүүчлэн барьж конторлож байгаад аймгийн хоршоодын холбооноос нэг шинэ гэр авч өөрийн гэсэн контортой болсон байна.

1941 онд аймгийн шүүх бүтэн жилийн дотор эрүүгийн 62, иргэний 103, бүгд 165 хэргийг шийдвэрлэж байсан бол 1943 онд эрүүгийн 131, иргэний 359 бүгд 490 хэргийг зөвхөн 1 жилийн дотор шийдвэрлэх болсон нь шүүхийн үйл ажиллагаа ард түмний дунд ойртож орон нутагт нүүдэллэн ажиллаж хэрэг шийдвэрлэх болсонтой холбоотой.

1941 онд орлогч дарга 1, тогтоол гүйцэтгэгч 1 орон тоо нэмэгдэж орлогч даргаар Д.Майдраг, тогтоол гүйцэтгэгчээр Б.Изенбай нарыг авч ажиллуулан нийт 7 орон тоотой болжээ.

Аймгийн шүүх 1943 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн нүүдэллэн ажиллаж шинэ журамд шилжив. 1944 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 5 дугаар бага хурлаас шүүхийн даргаар Шайзадаг, орлогчоор Г.Даваажавыг баталж шүүхийн орон тоонд орлогч 1, нарийн бичгийн дарга 1, тогтоол гүйцэтгэгч 1, орчуулагч Б.Изенбай, тогтоол гүйцэтгэгч Б.Уртнасан, нарийн бичгийн дарга Мухтар, орлогч Майдраг ажиллажээ.

1943 онд аймгийн шүүх 8 хүний орон тоотой, жилдээ 30000 төгрөгийн төсөвтэй ажиллаж, хуучин эсгий гэрийг актлан худалдаж, оронд нь 2 өрөө тасалгаа бүхий модон байшин худалдан авч, мөн нэг өрөө нэмж 3 тасалгаатай конторыг 1944 оны 5 дугаар сард барьж ашиглалтад оруулснаар байрныхаа ахуй нөхцөлийг сайжруулсан байна.

Шүүхийн хэрэг таслаг явдлыг монгол хэл дээр явуулах бөгөөд 1943-1947 он хүртэл монгол хэлний орчуулагчаар Аятхан, Уят нар ажиллажээ.

1943 он хүртэл сумын захиргаа шүүн таслах үүргийг гүйцэтгэж байв. БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1943 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолоор сумын захиргааг шүүн таслах үүргээс чөлөөлж, сум тус бүр  50 төгрөг хүртэл үнийн дүнтэй эд хөрөнгийн маргаан бүхий иргэний хэргийг, малаас бусад 25 төгрөгийн хохиролтой хулгайн хэргийг тасалж байхаар сумуудын олон түмний шүүх байгуулжээ.

1945 оны долоодугаар сараас эхлэн аймгийн шүүхэд орлогч дарга 1, нарийн бичгийн дарга 1 орон тоог тус тус нэмэгдүүлснээр 1945-1952 онд 10 хүний орон тоотой ажиллаж байв.

Шүүхийг болон ардын төлөөлөгчийг иргэдээс сонгох сонгууль тус аймагт анх Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1953 оны 10 дугаар сарын 18-ны өдөр явагджээ.

1953 онд 2, 3, 4 дүгээр хэсгийн шүүхүүдийг нэмж байгуулаад 1954 онд шүүхэд орлогч даргын орон тоог нэмж баталсан байна. 1959 онд 5 дугаар хэсгийн шүүхийг нэмж байгуулжээ.

1952 онд улсын төсвөөр аймгийн шүүх, прокурорын 10 өрөө бүхий нэгдсэн шинэ конторыг бариулж ашиглалтад оруулжээ.

1959 онд Өлгий хотыг харьяалсан хэсгийн 5 дугаар шүүхийг нэмж ажиллуулснаар аймгийн шүүх нь 8 орон тоотой, 5 хэсгийн шүүх тус  бүр 3 орон тоотой бүгд 22 орон тоотой болсон байна.  Аймгийн захиргаанаас үйл ажиллагаа явуулж буй шүүхэд эсгий гэр хуваарилан өгсөн нь бусдаас онцгой цагаан давуу бүрээстэй байж, нутгийн ард олон нэг талаас шинэхэн шүүхийн шударга үнэнийг тогтоодог ариун цагаан үйлсийг нь бэлгэшээж, нөгөөтэйгүүр мөнхүү тод цагаан бүрээсийг нь онцлон шүүгч, ажилтнуудыг “Цагаан гэрийн эзэд” хэмээн нэрлэдэг байжээ. 2013 онд тус шүүх 73 жилийнхээ бахархам түүх, бахад үйлсийг ном болгон эмхэтгэхдээ ард иргэдийн хайрласан “Цагаан гэрийн эзэд” хэмээх нэрийг бэлгэшээн өгсөн байдаг.

1960 оны Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйл, БНМАУ-ын Шүүхийн зохион байгуулалтын тухай хуульд БНМАУ-ын шүүн таслах байгууллагын тогтолцоог  хуульчилсан бөгөөд аймагт ардын хэсгийн шүүх ажиллах болов. Ардын хэсгийн шүүх нь шүүгч, ардын төлөөлөгчдөөс бүрдэж, тухайн онуудад тус аймагт хэсгийн 5 шүүх, 380 гаруй ардын төлөөлөгч ажиллаж байжээ.

МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 1961 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 398 дугаар тогтоолоор “Орон нутгийн шүүхийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” шийдвэр гаргаж, орон нутгийн ардын хэсгийн шүүхүүдийг татан буулгаж, аймгийн төвд төвлөрүүлэн нүүдлийн шүүх болгон ажиллуулж аймгийн шүүхийг өргөтгөснөөр нийт шүүн таслах байгууллагуудад үндсэн  өөрчлөлт гарчээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1961 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн зарлигаар ардын хэсгийн шүүхийг татан буулгасан байна.

Шүүхийн зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан 1962 оноос эхлэн аймгийн шүүхэд нүүдлийн шүүхийг бий болгож, шүүгчийг аймгийн Ардын Депутатуудын Хурлын ээлжит чуулганаар аймгийн шүүхийн гишүүний эрхтэйгээр 2 жилийн хугацаагаар сонгох болсон ба нүүдлийн шүүхэд урьд нь ардын хэсгийн шүүхийн харьяалалд байгаа хэргийг шийдвэрлэх болжээ.

Аймгийн шүүх нь эрүү, иргэний байцаан шийтгэх хуульд тусгайлан заасан өөрийн харьяаллын хэргүүдийг анхан шатны шүүхийн журмаар таслан шийдвэрлэхээс гадна доод шатны шүүхийн харьяаллын ямар ч хэргийг өөртөө авч анхан шатны шүүхээр хэлэлцэх эрх эдэлдэг байжээ.

Гэмт хэрэг зөрчил гаргасан шалтгаан нөхцөлийг дангаараа буюу улс олон нийтийн байгууллагуудтай хамтран судалж нэгтгэн дүгнэх, шүүх хуралд болон хэрэг зөрчил гаргагчдыг хүмүүжүүлэхэд олон нийтийг татан оролцуулж байжээ.

Шүүх асуудлыг зөвхөн шийдвэрлээд зогсохгүй өөрийн гаргасан  шийдвэрийг бүрэн биелүүлэх, хохирогч этгээдийн хохирлыг арилгуулах ажиллагааг  тогтоол гүйцэтгэгч гүйцэтгэдэг байсан байна.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 80 дугаар зарлигаар шүүхийн системд өөрчлөлт орж, хэсгийн шүүхийг нууц санал хураалтын журмаар орон нутгийн АДХ-ын ээлжит сонгуулиар сонгодог журам тогтоожээ.

 1976 оны эхний байдлаар аймгийн шүүх нь дарга 1, орлогч дарга 1, ардын хэсгийн шүүгч 5, нарийн бичгийн дарга 2, тогтоол гүйцэтгэгч 2, ня-бо, өмгөөлөгч, зарлага тус бүр 1, бүгд 15 орон тоотойгоор ажиллаж байсан аж.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар тогтоолоор Аймгийн арбитр байгуулагдаж аймгийн арбитрчийг аймгийн шүүхийн дарга хавсран хийж байжээ.Аймгийн арбитрын анхны арбитрч Зурманы Магзам, анхны байцаагчаар Жанатын Партизан нар ажилласан байна.

 Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 159 дүгээр зарлигаар хэсгийн шүүхийг хөдөө байршуулахаар шийдвэрлэсний дагуу 1 дүгээр хэсгийн шүүхийг Алтанцөгцөд, 2 дугаар хэсгийн шүүхийг Цэнгэлд, 4 дүгээр хэсгийн шүүхийг Дэлүүнд, 1990 оноос 6 дугаар хэсгийн шүүхийг Ногооннуурт тус тус төвлөрүүлэн, Өлгий сумын төвд 3, 5 дугаар хэсгийн шүүх үйл ажиллагаа явуулж байв.

1978 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Баян-Өлгий аймгийн АДХурлын гүйцэтгэх захиргаанаас “Ардын хэсгийн шүүхийн харьяаллыг тогтоох” тухай 28 дугаар тогтоолоор Ногооннуур, Баяннуур, Алтанцөгц, Цагааннуур сум, хороог ардын хэсгийн 1-р шүүх, Цэнгэл, Улаанхус, Сагсай сумыг ардын хэсгийн 2-р шүүх, Өлгий хотын 2, 4, 5, 6 , 7,9, 10, 11-р хорооллыг ардын хэсгийн 3-р шүүх, Толбо, Дэлүүн, Булган сумыг ардын хэсгийн 4-р шүүх, Алтай Буянт, Бугат сум, Өлгий хотын 1,3,8-р хорооллыг ардын хэсгийн 5-р шүүхэд тус тус харьяалуулжээ.

 Шүүх 1980-аад оны үед аймгийн прокурорын газар, өмгөөлөгч нартай хамт 2 давхар барилгад үйл ажиллагаа явуулдаг байлаа.

1980-аад оны үед хэсгийн ардын шүүхийн шүүгч ажилладаг бөгөөд одоогийнх шиг дээд бүтэц хөгжөөгүй аймгийн шүүх ганц  УАЗ-469 маркийн машинтай, шүүгчид тэр үед шуудангаар хөдөө сумуудад 10-20 хоног нүүдэллэн ажиллаж сумаас бригадад мориор явж, иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэж, иргэдэд тайлан тавьж хэлэлцүүлэн гарсан санал шүүмжлэлийн мөрөөр ажил зохиож, эрүүгийн хэргийг тухайн сум бригадад гэмт хэрэг гарсан газар  хамт олны өмнө таслан шийдвэрлэж шүүх хуралдааны дараа хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар иргэдэд яриа танилцуулга хийж ажилладаг байлаа гэж ахмад шүүгч Р.Асхабыл тухайн онуудын ажлын түүхээс дурсан ярьдаг.

Тухайн үед шүүх нь ганц   шүүх хуралдааны танхимтай  шүүгч нар  хагас бүтэн жилээр аймагт ирж шүүхийн танхимд хэргүүдээ дэлгэж сууж тайлангаа гаргадаг.

1992 оны Үндсэн хууль, 1993 онд Шүүхийн тухай хууль Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 1993 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан шүүхийн шинэ тогтолцоогоор тус аймгийн шүүх шинээр зохион байгуулагдаж, Аймгийн шүүхийн шүүгч 4, Сум дундын шүүхийн шүүгч 7, туслах шүүгч 1, бүгд 12 шүүгч бүгд дээд боловсролтой, Тамгын хэлтсийн дарга, ня-бо, хэлмэрч, ахлах ба шийдвэр гүйцэтгэгч, шүүх хурлын болон бичиг хэргийн нарийн бичгийн дарга, шүүх хурлын журам сахиулагч, бичээч, жолооч, зарлага, үйлчлэгч зэрэг 22 ажилтантай үйл ажиллагаа явуулж байжээ.

Энэ он жилүүдэд нийгмийн асуудлыг бататган хангах зорилгоор туслах аж ахуй хөгжүүлж, шүүгч, ажилчдын амьдралын нөхцөл, мэргэжил боловсролыг дээшлүүлэх талаар гойд анхаарч ажилласан байдаг.

Шинэ зохион байгуулалт тогтолцооны дагуу хөдөө төвлөрч байсан шүүхүүдийг аймгийн төвд төвлүүлж, сум дундын 1 шүүхтэй, 1 ерөнхий шүүгчтэй, 6 шүүгчтэй сумуудад нүүдэллэн ажиллаж байлаа. Мөн 1993  онд арбитрын үйл ажиллагааг шүүхийн системээс тусгаарласан байна.

1995-1996 онд шүүхийн конторын барилга  хуучирч, албан конторын шаардлага хангахгүй болж шүүхийг Хөгжимт Драмын театрын барилгын баруун талын булангаас конторын зориулалтаар шинээр хаалга гаргаж, тэнд хоёр давхарт нь 2001 он хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан.

70 жилийн ойгоор ... аймгийн шүүх 34 ажилтан, 14 өрөө бүхий контор, 50 суудалтай шүүх хуралдааны танхимтай, бие даасан байранд байрлаж, шүүхийн шинэ тогтолцоо зохион байгуулалтын дагуу контор, шүүх хуралдааны танхимыг өргөтгөх зорилгоор аймгийн шүүхийн шинэ байр барихаар төлөвлөжээ. Аймгийн хөрөнгөөр УАЗ-469 машин авч, шүүх суудлын 2 машинтай болсон бөгөөд хөдөө ажиллах шүүгчдийг унаагаар хангасан байна.

Аймгийн ба сум дундын шүүх орон тоо зохион байгуулалт мэргэжилтэй боловсон хүчин төсөв санхүү ажиллах нөхцөлийн хувьд 1990-ээд оны үед нийлээд бэхжиж, шүүн таслах болон шийдвэр гүйцэтгэлийн хууль сурталчлах хөдөлмөрчдийн эрх зүйн хүмүүжлийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд амжилт олж, тогтворжиж, хамт олны дундаас тэргүүний хүмүүс олон төрөн гарчээ.

2004 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн Захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаар захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааг эрхлэн хэрэгжүүлж явуулах тогтоолцоо бий болж аймгийн шүүхэд захиргааны хэргийн шүүгч 3,  туслахын 1 орон тоогоор ажиллав. Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн анхны шүүгч нар З.Гүлбарша. С.Сайран, С.Еркеш нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилон ажиллуулжээ.

Анх шүүн таслах ажлыг эсгий гэрээс эхэлсэн шүүх түүхэн он жилүүдэд хэцүү хүнд үеийг даван туулж, хуучин хэвлэх үйлдвэр байсан хоёр давхар байшинг худалдан авч,  2007 онд Дэлхийн банкны Эрх зүйн шинэчлэлт төслийн санхүүжилтээр их засвар хийгдэж, одоо тус байранд үйл ажиллагаа явуулж байна.  

2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүх тойргийн журмаар Ховд аймагт “Давж заалдах шатны Эрүүгийн хэргийн 6 дугаар шүүх, Давж заалдах шатны Иргэний хэргийн 6 дугаар шүүх” нэртэй байгуулагдав.

Тус шинэтгэлийн хүрээнд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан  Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-р шинэ зохицуулалт хийгдэж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулж, тухайн нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэсэн хуучин тогтолцоонд дахин шилжсэнээр:

  • Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,
  • Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх,
  • Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх,

Сум дундын 2 дугаар шүүхийг эрүү, иргэний төрлөөр дагнасан шүүх болгон байгуулснаар тусдаа бие даасан шүүх, Ерөнхий шүүгчтэй байхаар зохицуулалт хийгдлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулсан Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосноор давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус аймагт дахин байгуулагдав.

Одоо тус аймагт дараах шүүхүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:  

  • Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх,
  • Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,
  • Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх,
  • Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгчээр С.Өмирбек,  шүүгчээр Д.Көбеш, Д.Мөнхөө нар ажиллаж байна.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр З.Гүлбарша, шүүгчээр С.Еркеш, М.Риза ажиллаж байгаа. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Мейрамбек, шүүгчээр Б.Мангилик, К.Бүлдирген, А.Жархынгүл нар ажиллаж байна. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр А.Дауренбек шүүгчээр П.Доржбал, Х.Талгат нар ажиллаж байгаа болно. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргаар Б.Ерханат ажиллаж байна.