Цэндийн
АМАРСАЙХАН
/1964-2021/
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Цэндийн Амарсайхан 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өвчний улмаас нас нөгчиж, шүүх эрх мэдлийн байгууллагад хүнд гарз тохиолоо.
Ц.Амарсайхан нь 1964 онд Улаанбаатар хотод төрж, 1981-1986 онд ЗХУ-ын Иркутск хотын Улсын их сургуульд суралцаж, эрх зүйч мэргэжил эзэмшжээ.
Тэрбээр ажил хөдөлмөрийн гараагаа Улсын Дээд шүүхийн тамгын газарт дадлагажигч ажилтнаас эхэлж /1986-1987/, 1987 онд Ажилчны районы шүүх, Улаанбаатар хотын шүүхэд тус тус нарийн бичгийн дарга, 1987-1989 он хүртэл Найрамдлын районы шүүхийн шүүгч, 1989-1990 онд Улаанбаатар хотын шүүхийн шүүгч, 1990-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн Орлогч дарга, 1993-1999 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 1999-2005 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2005-2011 онд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, 2011 оноос Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажилласан байна.
Ц.Амарсайхан нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм үүрэгтээ шударга, хариуцлагатай ханддаг, онолын өндөр мэдлэгтэй, шүүн таслах ажиллагааны арвин туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй шүүгч байсан төдийгүй авьяаслаг зохион байгуулагчийн нэг байлаа.
Шүүхийн Мэргэшлийн хорооны даргаар болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн хүрээнд “Сургагч багш”-аар тус тус олон жил ажиллаж, Хуульчдаас шүүгчдийг шилж сонгох, Иргэний эрх зүйн чиглэлээр шүүгчдийг мэргэшүүлэн сургах зэрэг үйлсэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.
Ц.Амарсайхан нь шүүгчдийг төлөөлөн Шүүхийн тухай хууль, Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт тогтмол орж ажиллаж байснаас гадна Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн албан бус тайлбар номыг санаачлан хэвлүүлсэн нь иргэний эрх зүйн хөгжилд томоохон дэвшил болсон, шүүгч, судлаач, хуулийн чиглэлээр суралцагч оюутны өдөр тутмын хэрэгцээний ширээний ном болжээ.
Түүнчлэн Ц.Амарсайханы онолын болоод шүүн таслах ажиллагааны арвин мэдлэг туршлагадаа тулгуурлан гардан боловсруулж, батлуулсан Улсын дээд шүүхээс гаргасан олон арван хуулийн тайлбар нь хууль хэрэглээний нэгдсэн жишиг тогтооход онцгой үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна эрх зүйн онолыг цаашид хөгжүүлэхэд тулгуур үндэс нь болж байна.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”, “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шударга ёсны элч” тэмдэг, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, "Алтангадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнажээ.
Талийгаачийн төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч, хүнлэг зан чанар, шүүгчийн өндөр ур чадвар, шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2021-04-27