ШҮҮХИЙН ОРЧУУЛАГЧ А.ЕРКЕГҮЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  • 2021-12-01

Баян-Өлгий аймгийн шүүхийн хамт олон өнөөдөр /2021-11-29/ гавьяаныхаа амралтаа авсан шүүхийн орчуулагч А.Еркегүлд хүндэтгэл үзүүллээ.

Орчуулагч А.Еркегүл нь улсад нийт 25 жил ажилласнаас Баян-Өлгий аймгийн шүүхэд 2008 оноос орон тооны орчуулагчаар томилогдон сүүлийн 14 жил шүүхийн байгууллагад тасралтгүй, үр бүтээлтэй хөдөлмөрлөжээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шүүхийн хамт олныг төлөөлж давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек хэлсэн үгэндээ “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах, шударга ёсыг тогтоох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгон гавьяаны амралтаа авч буй А.Еркегүл танд Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн  шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын өмнөөс баяр хүргэе. Иргэдийн эх хэлээрээ тайлбар өгөх эрх нь шүүхэд мэдүүлэх, хэрэг, маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх үндсэн эрхийн бүрэлдэхүүн мөн болохын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэдийн энэ эрхийг хангах ажилд шүүхийн мэргэшсэн, чадварлаг орчуулагчийн үүрэг онцгой ач холбогдолтой. Шүүхийн мэргэшсэн орчуулагчийн ажлыг мэргэжлийн түвшинд, чадварлаг гүйцэтгэдэг хөдөлмөр зүтгэлээр тань бахархаж, өндрөөр үнэлж буйгаа илэрхийлье. Танд болон гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Хамт олонтойгоо эргэх холбоотой байгаарай” гэж, хамт олноо төлөөлөн дурсгалын зүйл гардуулан өглөө.

 

Уг арга хэмжээний үеэр Ерөнхий шүүгч З.Гүлбарша, А.Дауренбек, шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат нар шүүхийн орчуулагч А.Еркегүлд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсний дараа А.Еркегүл: “Та бүхнээс тэс өөр мэргэжилтэй ч та бүхэнтэй хамт ажиллах болсондоо өөрийгөө маш их азтай, хувьтай хүн гэж боддог. Миний амьдралын  хамгийн ид оргил үе нь шүүхэд өнгөрсөн. Тийм учраас шүүхийн хамт олон миний зүрх сэтгэлд хамгийн гэгээлгээр, хамгийн дулаахнаар мөнхөд орших болно. Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, тусалж, чадахгүй, мэдэхгүй байгаа зүйлсийг маань зааж өгч, алдаа оноо гаргасан бол ойлгуулж, ухааруулж байсан, хамтарч ажилласан, найзалж, нөхөрлөсөн, зовлон, жаргалаа хуваалцсан та бүхэнд талархсанаа илэрхийлье. Мөн албаны болон хувийн журмаар хэн нэгнийг гомдоож байсан бол энэ завшааныг ашиглан уучлалт хүсье. Та бүхний хүнд, хэцүү, хариуцлагатай ажилд нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Мөн та бүхэнд над шиг эрүүл саруул байж гавьяаныхаа амралтад гараарай гэсэн ерөөлийг дэвшүүлье.” гэж хамт олондоо талархсанаа илэрхийллээ.

Шүүхийн мэргэшсэн орчуулагч А.Еркегүлд баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН

2021-11-29