Шинэ хуульч М.Ерлан тангараг өргөлөө

  • 2019-02-14

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар тушаалаар тус холбооны гишүүнээр элссэн  хуульч М.Ерланы тангараг өргөх ёслолын ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газарт зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ахмад хуульч Р.Асхабыл, нийт шүүгч, ажилтнууд оролцлоо. Тэд тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр шинэ хуульчид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэсэн юм.
Хуульчдын холбооны гишүүнээр элссэн шинэ хуульч нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ ийнхүү батлан тангараглалаа.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж гардаж авсан иргэн нь батламжаа авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргах ёстой.