“ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2019-03-18

Баян-Өлгий аймгийн шүүх, аймгийн Прокурорын газартай хамтран “Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт сургалт-хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий нийт 170 гаруй албан тушаалтнуудыг хамруулан, харьяалан шийдвэрлэх маргааны төрлөөр нь хоёр  хэсэгт ангилж 2019 оны 3 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, Татвар, Улсын бүртгэл, Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Монголбанкны салбар, Гааль, Статистик, Боловсрол, соёл, урлаг, эрүүл мэнд, Автотээвэр, ЗДТГ-ын ШӨХТГазар, Архивын газар, нийт сумдын байгаль орчин, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч зэрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий нийт 90 улсын байцаагч нарыг хамруулсан 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн сургалт-хэлэлцүүлэг Ховд их сургуулийн тус аймаг дахь салбар сургуулийн зааланд зохион байгуулагдсан бол 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгуулагдсан сургалт-хэлэлцүүлэгт Цагдаагийн газрын хэв журам, замын цагдаагийн тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Тагнуулын газар, Цэргийн штаб, Хилийн цэргийн 0165, 0285 дугаар анги, тэдгээрийн дэргэдэх Хилийн тагнуулын тасаг зэрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий нийт 82 улсын байцаагч оролцжээ.

Сургалт-хэлэлцүүлгээр Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал “2018 онд Эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн хэргийн судалгаа, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза “2018 онд Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн хэрэг, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны онцлог” сэдвээр, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ботакөз “Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын асуултад хариулж, мэдээлэл өглөө.

 

Хэлэлцүүлгийн үеэр Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Анхбаяр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа хүндрэл, бэрхшээл, хамтран шийдвэрлэх арга зам”, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Банзрагч “Зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр мэдээлэл өгч, оролцогчид зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх явцад тулгамдаж буй хууль хэрэглэх, хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцож, аймгийн хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад зориулж тусгайлан сургалт-хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдлэг олгосонд талархсанаа илэрхийлж, сургалт амжилттай, үр дүнтэй өндөрлөлөө.

Энэхүү сургалт-хэлэлцүүлгийн үеэр шүүгч, прокуроруудын тавьсан илтгэлүүд нь 2018 онд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн зөрчлийн хэргийн практик судалгаа, прокурорын газраас гаргасан статистик мэдээлэлд үндэслэгдэн бэлтгэгдсэн бөгөөд хөтөлбөр ёсоор уг илтгэлүүд болон хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан тушаалтнуудад танилцуулж, хэлэлцүүлэх юм.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-03-18