БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ I УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2019-03-27

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны эхний улиралд буюу 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 242 нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 77 иргэний хэрэгтэй хамт нийт 319 иргэний хэргээс 190 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11 хэргээр буюу 3,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 160.3-т зааснаар нэхэмжлэлээ татан авчээ.

Нийт шийдвэрлэсэн 190 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл Иргэний хуулиар 72 хэрэг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 28, зээлийн гэрээтэй холбоотой 5, түрээсийн гэрээтэй холбоотой 3, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 3, банкнаас олгосон зээлтэй холбоотой 10, бусад иргэний эрх зүйн маргаанаар 10 хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 67 хэрэг шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах 3, ажиллаж байсан байдлыг тогтоосон 47, бусад төрлийн хүсэлтээр 17 хэргийг, Гэр бүлийн тухай хуулиар нийт 19 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 16, эцэг тогтоолгох тухай 3 иргэний хэргийг шийдвэрлэж, 13 хүүхдийн асран хамгаалалт, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох маргааныг шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 21 хэрэг шийдвэрлэснээс ажлаас үндэслэлгүй халагдсан 9, цалин хөлс, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрын тухай маргаан  12 хэргийг, Газрын тухай хуулиар 3, бусад хуулиар 7 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Тус шүүх нь эхний улиралд нийт 190 иргэний хэрэг шийдвэрлэснээс 72 хэргийг хялбаршуулсан журмаар, 117 хэргийг шүүх хуралдаанаар, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үлдэгдэл хэрэг 97 байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны эхний улиралд хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.429.175 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-03-27