БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ I УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2019-03-27

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны эхний улиралд өмнөх оны үлдэгдэл 3 хэрэгт нэмж 50 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 3 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 60 хүнд холбогдох 48 хэргийг шийдвэрлэж, 2 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4 хэргээр буюу 7,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эхний улиралд шийдвэрлэсэн хэргийг төрөлжүүлбэл, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах  гэмт хэрэг 1, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 21, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1, хүчиндэх 1, хулгайлах 5, залилах 3, мал хулгайлах 4, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 2, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 6, бусад 4 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 60 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 18-21 насны 4 хүн, 22-29 насны 19 хүн, 30-34 насны 14 хүн, 35-аас дээш насны 16 хүн байна. Шүүхээр ял шийтгүүлсэн 60 хүний 16 хүнийг хорих ялаар, 32 хүнийг торгуулийн ялаар, 5 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 7 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзсан байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 18.330.000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 48 эрүүгийн хэргийн улмаас 35 эрэгтэй, 13 эмэгтэй, 5 насанд хүрээгүй хүүхэд, 1 хуулийн этгээд, 2 төрийн байгууллага хохирч, 2 хүн нас барсан бөгөөд 12 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 81.980.587 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 2 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоож, 1 хүний торгуулийн ялыг хорих ялаар сольж шийдвэрлэжээ.

2019 оны эхний улирлын байдлаар тус шүүх сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 4 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 3 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож,  шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан 1 хүнийг суллажээ. Энэ хугацаанд 10 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 3 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 1 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж, 1 яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 1-р улирлын байдлаар зөрчлийн 86 хэргийг хүлээн авснаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 18, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 54, хулгайлах зөрчил гаргасан 8, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил гаргасан 1, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 1, танхайрах зөрчил гаргасан 2 нийт 84 зөрчлийн хэргийг шийдвэрлэж, 1 зөрчлийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд  буцааж, 1 зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорын дүгнэлтээр эрх бүхий албан тушаалтны 1 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн мэдээ гарчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16 зөрчлийн хэргээр буюу 19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-03-27