Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр нээж, шүүгчийн хууль тайлбарлан хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх нь шүүхийн сургалтын нэг үндсэн зорилт бөгөөд энэ зорилтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран эрүү, захиргаа, иргэний эрх зүйн хууль тайлбарлах онол, арга зүй сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг тухайн салбарын мэргэшсэн нэр хүндтэй эрдэмтэн, багшаар боловсруулж ажилласан болохыг онцолж, сургалтын ач холбогдлыг тайлбарлаж, сургалтад оролцогчид амжилт хүссэн юм.
Энэ удаагийн сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн "Эрүүгийн эрх зүйд хууль тайлбарлан хэрэглэх онцлог”, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр "Эрүүгийн эрх зүйн зарчмууд, тэдгээрийн агуулга, тэдгээрийг хууль тайлбарлан хэрэглэхдээ харгалзан үзэх нь”, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч "Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах тодорхой аргууд, тэдгээрийн хэрэглээ”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Золбоо "Хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой онолын суурь асуудлууд” сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч сургалтыг удирдан чиглүүлж байна.
Энэхүү сургалтын гол хэрэглэгдэхүүн болох "Хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүй: Эрүүгийн эрх зүй” гарын авлагыг ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, түүний "Эрх зүйн боловсрол” академийн дэмжлэгтэйгээр анх удаагаа хэвлэж нийт эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдийн хүртээл болгож байгаа юм.
Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 72 шүүгч 2 ээлжээр оролцож байна.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН