Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтны мэргэшүүлэх сургалт боллоо

  • 2019-05-14

Мэдээллийн эх сурвалж: ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Шүүхийн төрөлжсөн архиваас "Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтны мэргэшүүлэх сургалт”-ыг 2019 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Шүүхийн сургалтын төв "Баяндөхөм цогцолбор”-т зохион байгууллаа.

Шүүхийн архивын салбар дахь хууль тогтоомжийн хэрэглээ, албан хэрэг хөтлөлт, данс бүртгэл баримтын хадгалалт, хамгаалалтын талаарх онол, практикийн мэдлэг олгох, шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх программ, сүлжээг үр нөлөөтэй хэрэглэх мэдлэг, дадал суулгах, харилцан туршлага солилцох, архивын ажилтнуудын мэдлэг, дадлага, туршлагыг сайжруулж, мэргэшүүлэхэд сургалтын зорилгыг чиглүүллээ.

Архивын улсын үзлэгт хэрхэн бэлтгэх, иргэн, захиргааны хэргийн баримтыг хүлээн авах ажлын арга зүй, практик асуудал, данс бүртгэл үйлдэх арга зүй, албан хэрэг хөтлөлт, байгууллагын архивын ажлын үндсэн заавар, хэрэг баримтыг архивт хүлээн авах ажлын арга зүй, практик асуудал, шүүхийн захиргааны ажилтны сэтгэл зүйн онцлог, ажлын байрны эрүүл мэнд сэдвээр, цахим архивын программ сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалтад бүх шатны шүүхийн нийт 52 архив, бичиг хэргийн эрхлэгч, архивчид оролцлоо.

 

Сургалтын төгсгөлд Шүүхийн архивчдын ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулав. 

I байранд - Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газар дахь салбар архивын архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Ганцэцэг

II байранд - Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар дахь салбар архивын архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Нандинцэцэг

III байранд – Нийслэлийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүх дэх салбар архивын архив, бичиг хэргийн эрхлэгч Э.Бүрэнбэх нар шалгарч, эхний 3 байр эзэлсэн архивчдад дурсгалын зүйл гардууллаа.

 

 

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ