БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ III УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2019-09-26

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар улиралд өмнөх оны үлдэгдэл 3 хэрэгт нэмж 154 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 6 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 143 хэргийг шийдвэрлэж, 5 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10 хэргээр буюу 7,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрөлжүүлбэл, хүнийг алах  гэмт хэрэг 3, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах 1,  бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах 3, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 60, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1, хүчиндэх 3, хулгайлах 20, дээрэмдэх 1, захилах 8, мал хулгайлах 5, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 8, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 18, эрүүгийн хуулийн бусад зүйлээр 12 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 142 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 18-21 насны 12 хүн, 22-29 насны 56 хүн, 30-34 насны 32 хүн, 35-аас дээш насны 42 хүн, 55-аас дээш насны 1 эмэгтэй хүн байна. Шүүхээр ял шийтгүүлсэн 142 хүний 35 хүнийг хорих ялаар, 90 хүнийг торгуулийн ялаар, 17 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 24 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзсан байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 58,630,000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 143 эрүүгийн хэргийн улмаас 102 эрэгтэй, 48 эмэгтэй, 12 насанд хүрээгүй хүүхэд, 10 төрийн байгууллага хохирч, 7 хүн нас барсан бөгөөд 72 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 15 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 294,090,746 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 5 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоож, 1 хүнд холбогдох хугацаанаас нь өмнө суллах тухай прокурорын саналыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2019 оны гуравдугаар улирлын байдлаар тус шүүх сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 14 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 13 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож,  шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан 1 хүнийг суллажээ. Энэ хугацаанд 11 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 12 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 7 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж,  3 яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 3-р улирлын байдлаар зөрчлийн 222 хэргийг хүлээн авснаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 54, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 135, хулгайлах зөрчил гаргасан 22, хүний биед хохирол учруулахгүйгээр зодсон-1, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил гаргасан 1, танхайрах зөрчил гаргасан 1, нийт 215 зөрчлийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хэвээр үлдээсэн 7, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг өөрчилсөн 2, нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн газарт буцаасан зөрчил 1 байна.

 Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 41 зөрчлийн хэргээр буюу 22,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-09-25