Ө.Мөнхцэцэг: Шүүхээр шийдвэрлэсэн нийт зөрчлийн хэргийн 30 орчим хувийг гэр бүлийн хүчирхийлэл эзэлж байна

  • 2019-12-07

Мэдээллийн эх сурвалжБаян-Өлгий /МОНЦАМЭ/.

 Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газар хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 6-нд Өлгий хотод зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ө.Мөнхцэцэг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн шүүхээр шийдвэрлэгдсэн байдал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсаныг та бүхний сонорт хүргэж байна.

-2019 онд анхан шатны шүүхээр хэдэн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн вэ?   

-Шүүхийн Тамгын газрын албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд болон шүүх, шүүгч нарын захиалгаар шүүхийн практик судалж, дүн шинжилгээ хийж байдаг. Энэ удаад аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын захиалгаар тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн талаарх судалгааг тус шүүхийн захиргааны ажилтнууд давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн удирдлага дор хийж гүйцэтгэлээ.

Энэ хүрээнд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аймгийн хэмжээнд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судалсан. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар шүүхээр шийдвэрлэгдсэн 278 зөрчлийн хэргийн 71 нь буюу 26 хувийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн хэрэг эзэлж байна. Гэхдээ энэ бол шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн хэргийн тоон үзүүлэлт болохоос цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр хэчнээн айлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг илэрхийлэхгүй.  

Гэр бүлийн хүчирхийлэл нь ахуйн хүрээнд далд хэлбэрээр үйлдэгддэг. Хохирогч нар өөрсдөө Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгснөөр илэрдэг. Мөн хохирогч нарын зүгээс бусдын дарамт, шахалт, нөлөөнд автдаг, дарамт, сүрдүүлгээс айж болсон хэргийн талаар бүрэн мэдүүлдэггүй. “BBC” телевизийн сэтгүүлч Грейс Бровн Улаанбаатар хотод ирж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нэгэн эмэгтэйтэй уулзан, Монголын гэр бүлийн хүчирхийллийн талаар сурвалжилга бэлтгэснийг сайтуудаар орчуулан хүргэсэн байсан. Энэхүү сурвалжилгад“Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэдээлснээр Монголд гурван гэр бүлийн нэгд гэр бүлийн хүчирхийлэл явагддаг”  гэсэн байна. Тиймээс энэ бол их тоо гэж үзэж байгаа. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тухайд хэлэхэд, 2019 онд Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2 гэмт хэрэг шийдвэрлэгдсэн байна.

-Шүүхээр шийдвэрлэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн тоог урьд онуудтай харьцуулахад ямар үзүүлэлттэй байна вэ? 

-Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2017 онд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дугаар зүйл буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн заалтаар 35 зөрчлийн хэрэг,  Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлээр 32 зөрчлийн хэргийг, 2018 онд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлээр 76 зөрчлийн хэрэг, 2019 онд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлээр 71 хэргийг тус тус шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэрэг жил ирэх тусам өссөн хандлага харагдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тухайд 2015 оны Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцон хуульчлагдсан. 2018 онд уг зүйл ангиар 3 гэмт хэрэг, 2019 онд 2 гэмт хэргийг тус тус шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн тухайд буурсан үзүүлэлт харагдаж байгаа ч энэ судалгаа нь 11 сард гарсан судалгаа тул буурсан гэж дүгнэх боломжгүй.

-Шүүхийн тамгын газар, Цагдаагийн байгууллагаас зохион явуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх сургалтад та энэ чиглэлээр мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд холбогдогч нарын судалгааг дэлгэрэнгүй гаргасан байсан. Энэ талаар танилцуулахгүй юу?

-Боловсролгүй, харанхуй бүдүүлэг хүн л гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, архидан согтуурах нь хүчирхийллийн цорын ганц, гол шалтгаан болдог гэсэн гэр бүлийн хүчирхийллийн талаар хүмүүсийн төөрөгдөл байдаг. Гэтэл өнөөдрийн шүүхээс гаргасан судалгаагаар нийт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн холбогдогчийн 21 хувь нь дээд боловсролтой, 30 хувь нь бүрэн дунд боловсролтой, 22 хувь нь бүрэн бус дунд боловсролтой, 13 хувь нь бага боловсролтой, 1 хувь нь боловсрол эзэмшээгүй байдал харагдаж байна. Мөн согтуудаа энэ бүхнийг хийсэн, архинаас л боллоо гэдэг. Гэтэл судалгаагаар 70 хувь нь согтуу, 30 хувь нь эрүүлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэргийг үйлдсэн байдал харагдаж байгаа. Мөн ажил эрхлэлтийн байдлаар нь харуулбал гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 71 холбогдогчийн 49 нь ажилгүй, 4 нь төрийн байгууллагад ажилладаг, 4 нь хувиараа бизнес эрхлэгч, 4 нь бусдын компанид ажилладаг, 10 нь малчин хүн байна.

 

Зөрчлийн тухай хуульд заасан үйлдлээр нь авч үзвэл, 61,1 хувь буюу 52 нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг сандал, халуун устай тогоо, хуванцар шанага гэх зэрэг эд зүйлээр гар, нүүр, толгой, цээж, хэвлий зэрэг биеийн хэсэгт зодсон, гараар цохиж зодсон, хөлөөрөө өшиглөж зодсон,  38,8 хувь буюу 33 нь архи уун согтуурч, агсам тавьж, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулах, унтаж амруулахгүй байнга үглэх, би хоол идээгүй байхад та нар ч гэсэн хоол идэхгүй, унтуулахгүй гэх зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийсэн, эсвэл хийхгүй байхыг албадсан, 1,1 хувь буюу 2 нь эхнэрээ бусадтай хардаж, бусадтай харилцахыг хязгаарласан, 1,1 хувь буюу 1 нь хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсан шинжтэй байна.

Судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын талаар ямар дүн гарсан бэ?

- Судалгаагаар нийт хохирогчийн 80 хувь нь эхнэр, 14 хувь нь хүүхэд, 2 хувь нь бэр, бусад нь эцэг, эх, эгч, дүү байх бөгөөд эхнэр нөхрийн хоорондын үйлдлүүдээс гадна хадам, эцэх, эх, ах, дүү нарын дунд ч байдаг нь судалгаагаар тогтоогдож байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд бие махбодь, сэтгэл санааны хохирол амссан эдгээр хохирогчоос гадна тухайн өрх гэрт амьдарч байгаа хүүхэд, өндөр настан, бусад хүмүүс байнгын сэтгэл санааны хохирол амсаж, энэ хэргийн дам хохирогч болж байдаг. Иймээс зөрчил шалган шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хүмүүсийг хохирогчоор тогтоож, сэтгэл зүйд учирсан хор уршгийг арилгуулах арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.

Ер нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа хохирогч өөрөө мэддэггүй. Ийм л байх ёстой, эсвэл бүх гэр бүл, хүн ийм байгаа гэж бодож бусдаас нууж, нэр хугарахаар яс хугар гэж нэр төрөө бодож явдаг нь гэр бүлийн хүчирхийллийг улам газар авахуулж байна. Тиймээс цаашид ямар тохиолдлуудыг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохыг, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд шүүхээс ямар хариуцлага, ял оногдуулдаг талаар мэдээллийг хангалттай хүргэж байх шаардлагатай байна. Нөгөө талаасаа хохирогчид гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэг атлаа нөхрөө цагдаад өгвөл ажил төрөлгүй болно, байрныхаа зээлээ төлж чадахгүй, гэр бүл салж сарнина, цаашид яаж амьдрах вэ гэдэг айдсаас болж гэр бүлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч, цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр зүгээр өнгөрөөж байгаа байдал харагддаг.  

 Та шүүхийн практикийг судалсан хүний хувьд гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөл юунд байна гэж үзэж байна вэ?

 - Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт зөрчлийн хэргийн 30 орчим хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил эзэлж байна. Шүүхээр шийдвэрлэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэргийн 31 хувь нь эхнэрээ хардах, 34 хувь нь ахуйн ямар нэгэн хэрүүл, маргаан, үл ойлголцлын шинжтэй шалтгаанаар, 27 хувь нь ямар нэгэн шалтгаангүйгээр архи уусан үедээ, 2 хувь нь эрүүлжүүлэхэд өгсөн гэж, 6 хувь нь архины мөнгө нэхэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. 

Гэр бүлийн хүчирхийлэл нь энгийн зүйлээр эхлээд аажимдаа улам харгис шинжтэй болохын зэрэгцээ тодорхой хугацааны дараа давтагддаг нь аймшигтай. Жишээлбэл,  Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Б нь эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхээс 25 цагийн албадан сургалтад хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан. Гэтэл Б нь эхнэрийнхээ болон гэр бүлийн бусад гишүүдийн амгалан тайван байдлыг дахин алдагдуулж агсам тавьсан тул 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхээс 30 цагийн албадан сургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан. Гэтэл Б нь эхнэр, хадам эх нарыг хэрүүл маргааны улмаас зодож, архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийллийг байнга хүүхэд, ахмад настан, гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдэл хийж, таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс Эрүүгийн хуулийн 11.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, биечлэн эдлүүлсэн.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг дээр дурдсанчлан олон зүйлээр тайлбарлаж болно. Түүнээс гадна хувь хүний хүмүүжил, гэр бүлийн орчинд бусдыг хүндлэх хүндлэл, гэр бүлийн гишүүдтэй, эхнэр, нөхөр, хүүхэд, ахмад настантай хүн гэдэг талаас нь харьцах хүндлэл дутмаг байгаа нь бас нөлөөлж байна. Энэ талаар өнөөдрийн сургалтад давж заалдах шатны Ерөнхий шүүгч “Хүний эрхэм чанар” сэдэвт танилцуулгад дэлгэрэнгүй дурдлаа.

- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

 

Сэтгүүлч Ө.Нурболат