БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

  • 2019-12-19

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих бүрэн эрхийнхээ дагуу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар шүүхийн Тамгын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран гаргасан 2019 оны шүүхийн шийдвэрийн биелэлтийн судалгааг урьдчилсан байдлаар гаргаж танилцуулж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Баттулга шүүхийн шийдвэрийн биелэлтийн тайланг шүүх тус бүрээр гаргаж мэдээллээ. Тайланд дурдсанаар шүүхээс өмнөх оны үлдэгдэлтэй хамт 2019 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 1395 гүйцэтгэх хуудасны биелэлт 72 хувьтай байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гарч буй зарим асуудлуудын талаар харилцан санал солилцож, цаашид анхаарах асуудлын хүрээг тодорхойлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахаар болж хэлэлцсэнээр уулзалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.12.17