ШҮҮХИЙН ОРЧУУЛАГЧ А.ЕРКЕГҮЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  • 2020-01-14

Баян-Өлгий аймаг дахь шүүхүүдийн дотоод журамд шүүхэд он удаан жил ажиллаж,  тавин нас хүрсэн шүүгч, шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид шүүхийн хамт олон хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулахаар тусгасны дагуу энэхүү арга хэмжээ уламжлал болсон билээ. Өнөөдөр /2020-01-10/ тавин насны төрсөн өдрөө тэмдэглэж буй тус шүүхийн орчуулагч А.Еркегүлд шүүхийн хамт олон дурсгалын зүйл, мөнгөн аяга гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Орчуулагч А.Еркегүл нь шүүхийн байгууллагад 12 дахь жилдээ Казах, Орос хэлний орчуулагчаар ажиллаж, шүүх эрх мэдлийн салбарт анх удаа шүүхийн орчуулагчаар  мэргэшсэн туршлагатай, манай шилдэг шүүхийн захиргааны ажилтнуудын нэг юм. Тэрээр ажиллаж байх хугацаандаа шүүхээр үйлчлүүлсэн Монгол хэлний мэдлэггүй иргэдийн шүүхэд эх хэлээрээ мэдүүлэх, тайлбар өгөх эрхийг хангаж шүүх хуралдааны явцад шууд орчуулга хийхээс гадна хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн Казах, Орос хэл дээрх нотлох баримтыг Монгол хэл рүү орчуулдаг чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шударга ёсыг тогтоох шүүхийн эрхэм зорилгыг биелүүлэхэд нөр их хөдөлмөрөөрөө хувь нэмрээ оруулж байна. Энэ хугацаанд орчуулагч А.Еркегүл нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх, тайлбар өгөх эрхийг хангахын тулд дохионы хэлний сургалтад хамрагдаж, тодорхой мэдлэг эзэмшиж байсныг шүүхийн хамт олон онцлон, шүүн таслах ажилд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, талархаж буйгаа илэрхийлэн ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020.01.10