БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-02-07

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь  2019 онд буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 895 нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 78 иргэний хэрэгтэй хамт нийт 973 иргэний хэрэг, нэхэмжлэлээс 800 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 87 хэргээр буюу  10.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 83 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 4 нэхэмжлэлийг буцаасан, 2 нэхэмжлэлийг шилжүүлж, 84 хэргийн үлдэгдэлтэй гарсан байна.

Нийт шийдвэрлэсэн 800 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл Иргэний хуулиар 301 хэрэг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс худалдах, худалдан авах гэрээ 126, зээлийн гэрээ 62, эд хөрөнгө хөлслөх гэрээ 3,  түрээсийн гэрээ 6,  эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ 2, ажил гүйцэтгэх гэрээ 10, хөлсөөр ажиллах гэрээ 5,  тээвэрлэлтийн гэрээ 4, хадгалалтын гэрээ 3, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ 32, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 6, гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол 11, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан маргаан 4, бусад иргэний эрх зүйн маргаанаар 27 хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 314 хэрэг шийдвэрлэснээс хариуцагчийг эрэн сурвалжлах 18, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох 20, эрх олгосон баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээсэн 19, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоосон 12, иргэний насыг тогтоосон 10, ажиллаж байсан байдлыг тогтоосон 215, садан төрлийн холбоо тогтоосон 4, хамтын амьдралтай байсныг тогтоосон 1, согтуурах донтой этгээдийг албадан эмчлүүлэх шийдвэр гаргасан 1, бусад төрлийн хүсэлтээр 14 хэргийг шийдвэрлэжээ.

 Гэр бүлийн тухай хуулиар нийт 51 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулсан 43, эцэг тогтоосон 8 хэргийг шийдвэрлэж, 44 хүүхдэд хүүхдийн тэтгэлэг тогтоожээ.

Хөдөлмөрийн тухай хуулиар 76 хэрэг шийдвэрлэснээс ажлаас үндэслэлгүй халагдсан 28, цалин хөлс, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрын тухай маргаан  32, ажлаас буруу шилжүүлсэн 1, хөдөлмөрийн харилцаатай холбоотой 15 маргааныг тус тус шийдвэрлэсэн байна.  Газрын тухай хуулиар 4, Нийгмийн даатгалын багц хуулиар 10, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 1,  Татварын ерөнхий хуулиар 1, Цагаатгалын нөхөн олговор 36, бусад хуулиар 6 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Тус шүүх нь 2019 онд нийт 800 иргэний хэрэг шийдвэрлэснээс 243 хэргийг хялбаршуулсан журмаар, 538 хэргийг шүүх хуралдаанаар, 19 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үлдэгдэл хэрэг 84 байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 онд хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,600,979 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020.02.06