БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-02-07

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 онд өмнөх оны  үлдэгдэл 3 хэрэгт нэмж  218 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 6 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 3 хэргийг бусад шүүхэд шилжүүлж,  196 хэргийг шийдвэрлэж, 16 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 8 хэргээр буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2019 оны байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрөлжүүлбэл, хүнийг алах гэмт хэрэг 2, бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах 4, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 77, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 3, хүчиндэх 4, хулгайлах 27, дээрэмдэх 2, залилах 13, гээгдэл эд хөрөнгө, гүйлгээ завших 8, мал хулгайлах 8, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 12, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 23, эрүүгийн хуулийн бусад зүйлээр 12 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 192 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 2, 18-21 насны 16 хүн, 22-29 насны 72 хүн, 30-34 насны 48 хүн, 35-аас дээш насны 52 хүн, 55-аас дээш насны 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байна.

Шүүхээр ял шийтгүүлсэн 192 хүний 45 хүнийг хорих ялаар, 116 хүнийг торгуулийн ялаар, 31 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 33 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзсан байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 99,160,000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 196 эрүүгийн хэргийн улмаас 225 хүн, 13 төрийн байгууллага  хохирол амсжээ. Хохирогчдын 165 эрэгтэй, 60 эмэгтэй бөгөөд үүнээс                       24 насанд хүрээгүй хүүхэд,  8 хүн нас барсан, 92 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,                  14 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 17 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч,        70 хүн бусад байдлаар хохирсон байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 250,649,192 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 3 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоож, 1 хүнд холбогдох хугацаанаас нь өмнө суллах тухай прокурорын саналыг шүүхээс хэрэгсэхгүй болгож, 6 хүнийг албадлагын арга хэмжээнээс чөлөөлж,  2 хүнд холбогдох торгох ялыг хорих ялаар сольж шийдвэрлэжээ.  

Тус шүүх сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 18 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 17 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан 1 хүнийг суллажээ. Энэ хугацаанд 11 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 18 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 24 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж, 2 яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь зөрчлийн 316 хэргийг хүлээн авснаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 83, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 184, хулгайлах зөрчил гаргасан 25, бусад  22 төрлийн зөрчил, нийт 314 зөрчлийг шийдвэрлэж, 2 зөрчлийн үлдэгдэлтэй гарсан байна.  Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хэвээр үлдээсэн 9, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг өөрчилсөн  7 байна. Зөрчлийн хэргийг 2018 оны үетэй харьцуулбал 82 зөрчлийн хэргээр буюу 35,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-02-06