БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-06-26

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь  2020 оны хагас жилд нийт 835 нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 84 иргэний хэрэгтэй хамт нийт 919 иргэний хэргээс 46 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 7 нэхэмжлэлийг буцааж, 2 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, нийт 725 иргэний хэргийг шийдвэрлэж, 131 хэргийн үлдэгдэлтэй байна.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 304 хэргээр буюу 72.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 725 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл:

Иргэний хуулиар 207 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээ 108, зээлийн гэрээ 18, түрээсийн гэрээ 3,  ажил гүйцэтгэх гэрээ 9, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ 32, гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол 7,  гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол 3, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан маргаан 5, бусад иргэний эрх зүйн маргаанаар 22 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 432 хэрэг шийдвэрлэснээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт 13, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 330, бусад төрлийн хүсэлтээр 89 хэргийг шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 35 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулсан 31, эцэг тогтоосон 2, бусад маргаан 2 хэргийг шийдвэрлэж, 27 хүүхдэд хүүхдийн тэтгэлэг тогтоожээ.

Хөдөлмөрийн тухай хуулиар 32 хэрэг шийдвэрлэснээс ажлаас үндэслэлгүй халагдсан 17, цалин хөлсний маргаан 4, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн маргаан 11-ийг тус тус шийдвэрлэсэн байна. 

Газрын тухай хуулиар 1, Нийгмийн даатгалын багц хуулиар 2, бусад хуулиар 16 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 725 хэргийн 175 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 534 хэргийг шүүх хуралдаанаар, 16 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны хагас жилд хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42451992 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.