ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.ЦОГТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХЭД АЖИЛЛАА

  • 2020-08-24

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар 2020 оны 08 дугаар сарын 24-ий өдөр Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллаж, тус шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан, шүүгч ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан Ерөнхий зөвлөлөөс 2019 он, 2020 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, хүрсэн үр дүн, шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулга, мэдээлэл хийв.

Уулзалтын үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүгч ажилтнуудтай санал солилцсон юм.

Түүнчлэн шүүхүүдийн байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангамж, шүүгч ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлууд болон шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудтай танилцан энэ талаар Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч, тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын албанаас шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль шагнагдсан болон салбарын шагналаар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагнал гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020.08.24.