ШҮҮГЧ, ШҮҮХИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНУУЛЛАА

  • 2020-08-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар зарлигаар шүүхийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж, шүүхийн шинэтгэлд хувь нэмэр оруулсан Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн ажилтнуудыг Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар, түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр тус тус шагнуулсныг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр тус шүүхийн хурлын танхимд боллоо.

Үүнд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Зукарын Гүлбарша, шүүхийн Тамгын газрын нярав Ханатын Марат нарыг Алтан гадас одонгоор, шүүхийн Тамгын газрын жолооч Тосонгийн Ганбаатарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар,  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Махайн Риза, шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Баярын Жавзан нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдгээр, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Акраны Дауренбекийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр тус тус шагнасныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан гардуулан өгч, хүндэтгэл үзүүлэв.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Шударга ёсыг тогтоох, шүүхийн түүхийг бичилцэхэд та бүхний болон шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмад шүүгч, шүүхийн ажилтнуудын оруулсан нөр их хөдөлмөрийг үнэлж баршгүй билээ. Төрийн дээд одон медаль болон салбарын нэр хүндтэй шагналаар шагнуулсан та бүхэнд болон шүүхийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэлээ. Мөн төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнуулсан шүүгч, ажилтнуудыг төлөөлж Ерөнхий шүүгч З.Гүлбарша “Улсад 29 жил, шүүхэд 18, үүнээс 17 жил шүүгчээр ажиллаа. Надтай хамт шагнуулсан шүүгч, ажилтнууд ч шүүхийн байгууллагад он удаан жил ажиллаж, хөдөлмөрөө шингээсэн хүмүүс. Шүүхийн байгууллагад олон жил ажиллаж, шударга ёсыг тогтоох их үйлсэд бидний шингээсэн хөдөлмөрийг маань өндрөөр үнэлж, төрийн өндөр шагналаар энгэрээ мялаасанд, мөн уг шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөллөөс гардаж авсандаа маш их баяртай байна. Та бүхэнд болон нийт шагнуулсан шүүгч ажилтнууддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.” гэж сэтгэгдлээ илэрхийллээ.

Дашрамд тэмдэглэхэд, энэ жил Баян-Өлгий аймагт шүүх байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус шүүхийн хамт олны хурлаас шагналд тодорхойлсон Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн ажилтнуудыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ийнхүү төрийн дээд одон медаль болон салбарын нэр хүндтэй шагналуудаар шүүгч, ажилтнуудыг шагнажээ.

Төрийн дээд одон медаль, салбарын нэр хүндтэй шагналаар шагнуулсан Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн ажилтнуудад баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020.08.24.