“ШҮҮХЭД БАЯРЛАЛАА”

  • 2020-12-17

    Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр үйлчлүүлсэн иргэн Т.Гүлжаны шүүхийн Тамгын газарт бичгээр ирүүлсэн Талархлыг Та бүхэнд хүргэж байна. Тэрээр бичсэн сэтгэгдлээ: “Миний бие Турсын овогтой Гүлжан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт 3 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Би 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт багийн Засаг даргын нарийн бичгийн ажилд томилогдож ажиллаж байхад 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажил олгогч намайг үндэслэлгүйгээр ажлаас халах тушаал гаргаж миний хөдөлмөрлөх эрхэд халдсан. Улмаар би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж шүүхэд хандсан. Миний гаргасан гомдол тус шүүхийн шүүгч К.Бүлдиргенд хуваарилагдсан. Шударга  шүүх миний гомдлыг шалгаж ажил олгогч миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож миний нэхэмжлэлийг хангаж ажилд маань эгүүлэн тогтоосон. Гэтэл ажил олгогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх болон Монгол улсын Дээд шүүх анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

    Өрх толгойлсон эмэгтэй миний хувьд 26 сар ажилгүй байсан нь надад болон миний гэр бүлд маш их хэцүү байсан. Ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй болохыг тогтоож, ажилд маань эгүүлэн томилж өгсөнд маш их баярлаж байна. Ачаалалтай ажилладаг, хүний эрхийг хамгаалж ажиллаж байгаа Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлж, та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье” гэжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020.12.14