2020 ОНД АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛСЭН ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

  • 2020-12-30

Баян-Өлгий аймгийн шүүхийн хамт олон өнөөдөр 2020 оны шүүн таслах ажиллагааны мэдээ, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны тайлан, үр дүнг хэлэлцэж, мөн онд шүүн таслах ажлын чанарын үзүүлэлтээр тэргүүлсэн шүүгч, шүүхийн захиргааны ажлын үзүүлэлтээр шалгарсан ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

Тус аймаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд, давж заалдах шатны шүүхийн ажлын ачаалал буюу шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй, тухайлбал иргэний хэрэг 63,5 хувиар, эрүүгийн хэрэг 18,3 хувиар, захиргааны хэрэг 2 хувиар, зөрчлийн хэрэг 5 хувиар, давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэг 23,9 хувиар, эрүүгийн хэрэг 67 хувиар тус тус өссөн дүн мэдээ гарчээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүн таслах ажлын чанарын үзүүлэлтийн судалгааг тус тусын шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, чанарын үзүүлэлтээр тэргүүлсэн тус бүр нэг шүүгчийг шалгаруулсан бол, шүүхийн захиргааны ажилтны ажлын үзүүлэлтийг гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, ажлын ачааллыг нь үндэслэж шүүхийн Тамгын газрын хуралдаанаас тодруулсан байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүн таслах ажлын чанарын үзүүлэлт, шүүхийн захиргааны ажлын үр дүнгээр тэргүүлсэн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша, сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат, шүүгчийн туслах Т.Маншүк, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг, жолооч К.Максим нарыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасныг тайлангийн хурлын үеэр гардуулж, баяр хүргэлээ.

Шүүн таслах ажиллагааны чанарын үзүүлэлт, шүүхийн захиргааны ажлын үр дүнгээр тэргүүлж шагнуулсан шүүгч, ажилтнуудад баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-12-30