ШҮҮГЧИЙН ТУСЛАХУУД ХУУЛЬЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

  • 2021-03-03

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолоор зарлагдсан Хуульчийн сонгон шалгаруулалт 2020 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан бөгөөд тус шалгалтад 1340 эрх зүйч бүртгэгдсэнээс 1274 эрх зүйч оролцож, 22 хувь нь буюу 297 хуульч шалгалтад тэнцсэн байна. 
Уг сонгон шалгаруулалтад Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах М.Айдынгүл, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Т.Маншүк, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Т.Айбек нар амжилттай оролцон тэнцэж, Хуульчдын холбоонд гишүүнээр элссэн. 
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Хуульчдын холбоонд тангараг өргөнө” гэж заасныг үндэслэн шинэ хуульчдад тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Хуульчдын холбооноос орон даяр ZOOM программ ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Баян-Өлгий аймгийн шүүхийн хурлын танхимд болсон М.Айдынгүл, Т.Маншүк, Т.Айбек нарын хуульчийн тангараг өргөх ажиллагаанд тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд, Баян-Өлгий аймаг дахь Прокурорын газар, Өмгөөлөгчийн зөвлөлийн төлөөлөл оролцож, баяр хүргэн, хүндэтгэл үзүүлж, хуульчдын төлөөлөл тангараг өргөсөн хуульчдад Хуульчийн гэрчилгээ гардуулан өглөө. 
Хуульчийн тангараг өргөсөн М.Айдынгүл, Т.Маншүк, Т.Айбек нарт тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар Монголын Хуульчдын холбооноос ирүүлсэн энгэрийн тэмдэг, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг гардуулан өгчээ. 
Хуульчийн тангараг өргөсөн шүүгчийн туслах М.Айдынгүл, Т.Маншүк, Т.Айбек нартаа шүүхийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. 
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2021.03.03.