БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2021-12-28

Эрүүгийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны бүтэн жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 23 хэрэгт нэмж 146 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 169 эрүүгийн хэргээс 5 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 156 хэргийг шийдвэрлэж, 8 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны бүтэн жилд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 76 хэргээр буюу 32,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2021 оны бүтэн жилийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах гэмт хэрэг 4, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах 5, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах 4, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 49, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1, хүчиндэх 4, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох 3, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх 1, хүүхдийг асрах үүргээ үл биелүүлэх 1, хулгайлах 11, дээрэмдэх 1, залилах 6, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших 3,  алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 4, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах 4, эд хөрөнгө устгах, гэмтээх 3, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх 1, мал хулгайлах 11, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 1, мөрийтэй тоглоом зохион байгуулах 1, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах 1, гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх 1, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 3, хахууль авах 3, хахууль өгөх 1, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 1, хууль сахиулагчийг эсэргүүцэх 3, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 2, хууль бусаар ан агнах 1, хууль бусаар мод бэлтгэх 4, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 2, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 16 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 154 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 2, 18-21 насны 7 хүн, 22-29 насны 36 хүн, 30-34 насны 41 хүн, 35-аас дээш насны 68 хүн, Шүүхээр ял шийтгүүлсэн 154 хүний 46 хүнийг хорих ялаар, 78 хүнийг торгуулийн ялаар, 17 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 13 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 2 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 288,050,000  төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн  155 эрүүгийн хэргийн улмаас 173 эрэгтэй, 79 эмэгтэй, насанд хүрээгүй 15 хүүхэд, 4 компани, 1 нөхөрлөл, 13 төрийн байгууллага хохирч, 14 хүн нас барсан бөгөөд 62 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 6 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 9 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 828,306,286 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 1 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоожээ. Тус шүүх нь 2021 онд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 3 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 3 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ. Энэ хугацаанд 4 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 10 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 21 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 416 хэргийг хүлээн авч, 415 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлээр /Танхайрах/-15, 5.4 дүгээр зүйлээр /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/-144, 5.13 дугаар зүйлээр /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/-110, 6.20 дугаар зүйлээр /Хүүхдийн эрхийг зөрчих/-4, 8.6 дугаар зүйлээр /Хулгайлах/-7, 14.7 дугаар зүйлээр /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/-134, 15.7 дугаар зүйлээр /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах/-2, хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Үүнийг өмнөх онд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 86 зөрчлийн хэргээр буюу 20,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-12-28