ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ БОЛОН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ /2021 ОН/

  • 2022-01-17

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 онд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд хамаарах 1 хэргийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийн 143 хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ. Эрүүгийн 1 хэрэгт шүүгдэгчид 8 сар 17 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. 

Нийт зөрчлийг үйлдсэн 143 холбогдогчийн 102 нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчлийг үйлдсэн бөгөөд энэ нь нийт зөрчил гаргагчийн 71,3 хувийг эзэлж байна.

Зөрчлийн хэргийн хувьд:

1. Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад хамаарах 50 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 47 хүнд баривчлах шийтгэл, 3 хүнд торгуулийн шийтгэл тус тус оногдуулжээ.

Нийт 47 хүнд баривчлах шийтгэл оногдуулснаас 39 холбогдогчид 7-10 хоногийн баривчлах шийтгэл, 8 хүнд 11-15 хоногийн баривчлах шийтгэл, 3 хүнд 16-20 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 40 хүнийг 10-20 хоногийн албадан сургалтад, 5 хүнийг 21-30 хоногийн албадан сургалтад, 6 хүнийг 31-40 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэлийг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Дээрх зүйл ангиар 3 хүнд хуульд заасан үндэслэл журмаар нийт 625,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийг холбогдогч нь арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэх үндэслэлээр, 1 зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийг эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй гэх үндэслэлээр тус тус торгох шийтгэлээр сольж оногдуулжээ.

Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодох зөрчил үйлдсэн 50 холбогдогчийн 38 нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг зөрчлийг үйлдсэн бөгөөд энэ нь нийт шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн 76 хувийг эзэлж байна. Уг зөрчлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн - 46 эмэгтэй /холбогдогчийн эхнэр нь/, 2 эрэгтэй /нөхөр нь/, 2 өндөр настан /холбогдогчийн эх/, 12 хүүхэд, 2 бусад этгээд зөрчилд өртөж, хохирогчоор тогтоогджээ.

2. Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтад хамаарах 83 зөрчлийн хэргийг хүлээн авч шийдвэрлэснээс 81 хүнд баривчлах, 2 хүнд торгох шийтгэл оногдуулжээ.

Нийт 81 хүнд баривчлах шийтгэл оногдуулснаас 43 холбогдогчид 7-10 хоногийн баривчлах шийтгэл, 26 хүнд 11-15 хоногийн баривчлах шийтгэл, 9 хүнд 16-20 хоногийн баривчлах шийтгэл, 2 хүнд 21-25 хоногийн баривчлах шийтгэл, 1 хүнд 26-30 хоногийн баривчлах шийтгэл тус тус оногдуулж, 50 хүнийг 10-20 хоногийн албадан сургалтад, 30 хүнийг 21-30 хоногийн албадан сургалтад, 2 хүнийг 31-40 хоногийн албадан сургалтад, 2 хүнийг 41-50 хоногийн албан сургалтад хамруулах шийтгэлийг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан 2 хүнд нийт 540,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийг холбогдогч нь арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх гэх үндэслэлээр, 1 зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийг эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй гэх үндэслэлээр тус тус торгох шийтгэлээр сольж шийтгэжээ. Уг зөрчлийг үйлдсэн 83 холбогдогчийн 62 нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчлийг үйлдсэн бөгөөд энэ нь нийт зөрчил гаргагчийн 74,6 хувийг эзэлж байна.

Уг зөрчлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн - 71 эмэгтэй /холбогдогчийн эхнэр/, 8 өндөр настан /холбогдогчийн эцэг, эх/, 28 хүүхэд, 2 бусад этгээд зөрчилд өртөж, хохирогчоор тус тус тогтоогдсон байна.

3. Анхан шатны шүүх Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг бусадтай харилцахыг хязгаарласан буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтад хамаарах 3 зөрчлийн хэргийг хүлээн авч шийдвэрлэснээс уг 3 хүнд 7-10 хоногийн хугацаагаар баривчлах, 10-20 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэлийг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна. Уг зөрчлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн - 3 эмэгтэй /холбогдогчийн эхнэр/ хохирогчоор тогтоогджээ.

4. Гэр бүлийн хамаарал бүхий хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтад хамаарах 7 зөрчлийн хэргийг хүлээн авч шийдвэрлэснээс 6 хүнд баривчлах, 1 хүнд торгох шийтгэл оногдуулжээ.

Нийт 6 хүнд баривчлах шийтгэл оногдуулснаас 4 холбогдогчид 7-10 хоногийн баривчлах шийтгэл, 2 хүнд 11-15 хоногийн баривчлах шийтгэл тус тус оногдуулж, 4 хүнийг 10-20 хоногийн албадан сургалтад, 3 хүнийг 21-30 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэлийг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Дээрх зүйл ангиар 1 хүнд нийт 105,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийг холбогдогч нь арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан байна. Уг зөрчил үйлдсэн 7 холбогдогчоос 2 холбогдогч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг зөрчлийг үйлдсэн бөгөөд энэ нь нийт зөрчил гаргагчийн 28,5 хувийг эзэлж байна.

Уг зөрчлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн - 6 эмэгтэй /холбогдогчийн эхнэр/, 2 өндөр настан /холбогдогчийн эцэг, эх/, 1 хүүхэд хохирогчоор тогтоогдсон байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-01-17