ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХГҮЙ, ЭРХ НЬ ДУУСГАВАР БОЛСОН ХҮН СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ /2021 ОН/

  • 2022-01-20

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь заалтад хамаарах 135 иргэнд холбогдох 134 хэргийг шийдвэрлэснээс 124 холбогдогчид баривчлах шийтгэл оногдуулж, 8 холбогдогчид оногдуулсан баривчлах шийтгэлийг торгох шийтгэлээр сольж, 3 холбогдогчийг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэжээ.

Тус шүүх 2021 онд зөрчлийн 415 хэргийг шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь заалтад хамаарах зөрчлийн 134 хэрэг шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн 32,2 хувийг эзэлж байна. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан 135 иргэн нь нийт 415 зөрчлийн хэрэгт холбогдсон 429 иргэний 31,4 хувийг эзэлж байна.

Анхан шатны шүүх уг зөрчлийг үйлдсэн нийт 124 холбогдогчид баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулснаас 111 хүнд 7-10 хоногийн, 13 хүнд 11-15 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 122 хүнийг 10-20 хоногийн албадан сургалтад, 10 хүнийг 21-30 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэлийг тус тус оногдуулжээ.

Зөрчилд холбогдсон 135 холбогдогчийг насны ангиллаар нь авч үзвэл 15 настай 1, 16-17 насны 2, 18-21 насны 6 хүн, 22-29 насны 36 хүн, 30-39 насны 52, 40-49 насны 30, 50-иас дээш насны 8 хүн байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 135 холбогдогчийг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл төрийн тусгай албан хаагч 2, төрийн захиргааны албан хаагч 1, төрийн үйлчилгээний албан хаагч 2, хувийн хэвшлийн ажилтан 5, малчин 13, өндөр настан 2, оюутан 1, сурагч 3, эрхэлсэн тодорхой ажилгүй 106 иргэн байх бөгөөд 134 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй хүн байна.

Шүүх 8 хүнд нийт 1,035,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийг холбогдогч нь 14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг гэх үндэслэлээр, 4 зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийг эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй гэх үндэслэлээр тус тус торгох шийтгэлээр сольж шийтгэжээ.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 15 настай 1 холбогдогчийг баривчлах шийтгэлээс, 2 холбогдогчийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэлээс тус тус чөлөөлсөн байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-01-18