ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИАР ШИЙДВЭРЛЭСЭН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАЛААР /2021 ОН/

  • 2022-02-18

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 онд нийт 1057 хэрэг шийдвэрлэснээс Хөдөлмөрийн тухай хуулиар 81 хэрэг шийдвэрлэсэн нь нийт хэргийн 7,6 хувийг эзэлж байна. Үүнээс:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол”-оор нийт 26 хэргийг шийдвэрлэжээ. Уг 26 хэргээс 18 хэргийг шүүх хуралдаанаар, 8 хэргийг хялбаршуулсан журмаар тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 18 хэргээс 13 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, 5 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 8 хэргээс 1 хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1 хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 1 хэргийн зохигч эвлэрч, 5 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

“Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол”-оор шийдвэрлэсэн нийт 26 хэрэгт төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага 1 удаа, эрүүл мэндийн байгууллага 7 удаа, сургууль, цэцэрлэг 6 удаа, төрийн захиргааны байгууллагууд 5 удаа, соёл урлагийн байгууллага 1 удаа, төрийн өмчит компани 1 удаа, хувийн хэвшлийн байгууллага 1 удаа, аймаг, сумын Засаг дарга нар 3 удаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага 1 удаа тус тус хариуцагчаар оролцжээ.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг нөхөн олгох маргаан нийт 30 хэргийг шийдвэрлэснээс 19 хэргийг шүүх хуралдаанаар, 11 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 19 хэргээс 2 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 13 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 4 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт төрийн байгууллагын санхүүгээс 101.378.173 төгрөгийг гаргуулж ажилтанд олгожээ. Мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 11 хэргээс 9 хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ба нийт 14.985.094 төгрөгтэй тэнцэх хэмжээний ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 11 хэргийн хариуцагч нь ажилтанд төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Дээрх хуулийн заалтаар шийдвэрлэсэн 30 хэргээс ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт төрийн байгууллагын санхүүгээс нийт 116.363.267 төгрөгийг, төрийн өмчит компанийн санхүүгээс 2.000.000 төгрөг, хувийн хэвшлийн байгууллагын санхүүгээс 3.150.000 төгрөгийг тус тус гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэжээ. Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг нөхөн олгох маргаанд эрүүл мэндийн байгууллага 7 удаа, сургууль, цэцэрлэг 2 удаа, төрийн захиргааны байгууллагууд 18 удаа, соёл урлагийн байгууллага 1 удаа, төрийн өмчит компани 1 удаа, хувийн хэвшлийн байгууллага 1 удаа тус тус хариуцагчаар оролцжээ.

 

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлоор 13 хэрэг шийдвэрлэснээс 10 хэргийг шүүх хуралдаанаар, 3 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 10 хэргээс 8 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, 2 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 3 хэргээс 2 хэргийн хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, 1 хэргийн зохигч эвлэрсэн байна. Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлоор 13 хэрэг шийдвэрлэхэд эрүүл мэндийн байгууллага 2 удаа, сургууль, цэцэрлэг 2 удаа, төрийн захиргааны байгууллага 4 удаа, төрийн өмчит компани 1 удаа, хувийн хэвшлийн байгууллага 1 удаа, аймаг, сумын Засаг дарга 3 удаа хариуцагчаар оролцжээ.

 

 

4. Анхан шатны шүүх хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаанаар 12 хэрэг шийдвэрлэснээс 10 хэргийг шүүх хуралдаанаар, 2 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Энэ хүрээнд ажилтны нэхэмжлэлээр /ажил олгогчид тодорхой үйлдэл хийхийг үүрэг болгох, бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг даалгах гэх мэт/ 4 хэрэг шийдвэрлэснээс 3 хэргийг шүүх хуралдаанаар 1 хэргийг хялбаршуулсан журмаар тус тус шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 3 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 1 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзжээ. Бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг ажил олгогчид даалгах тухай иргэний нэхэмжлэлээр шийдвэрлэсэн 4 хэрэгт эрүүл мэндийн байгууллага 2 удаа, сургууль, цэцэрлэг 1 удаа, төрийн захиргааны байгууллага 1 удаа тус тус хариуцагчаар оролцжээ.

Түүнчлэн ажилтны ажилласан хугацаанд олгогдоогүй, эсхүл дутуу олгосон цалин хөлсийг нэхэмжилсэн нэхэмжлэлээр 5 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 5 хэргээс 2 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, 1 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ажилтны ажилласан хугацаанд олгогдоогүй, эсхүл дутуу олгосон цалин хөлсийг нэхэмжилсэн нэхэмжлэлээр шийдвэрлэсэн 5 хэрэгт эрүүл мэндийн байгууллага 1 удаа, сургууль, цэцэрлэг 1 удаа, төрийн захиргааны байгууллага 3 удаа тус тус хариуцагчаар оролцжээ.

Ажилтанд олгогдоогүй тэтгэмж, томилолтын зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлээр 3 хэргийг шийдвэрлэснээс 2 хэргийг шүүх хуралдаанаар 1 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 2 хэргээс 1 хэргийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 1 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 1 хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Ажилтанд олгогдоогүй тэтгэмж, томилолтын зардлыг нэхэмжилсэн хөдөлмөрийн маргаанд төрийн захиргааны байгууллага 2 удаа, аймаг, сумын Засаг дарга нар 1 удаа тус тус хариуцагчаар оролцож, шүүх тэтгэмжийн мөнгө нийт 934.899 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн бол томилолтын зардал 500.000 төгрөгийг ажил олгогч ажилтанд төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж тус тус шийдвэрлэсэн байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-02-18