ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ, ГИШҮҮН А.НАСАНДЭЛГЭР НАР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

  • 2022-04-13

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийн шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа болон шүүгч, ажилтны ажиллах орчин нөхцөлтэй танилцах, тэдний санал бодлыг сонсох, тулгамдаж байгаа асуудлыг судлах, тус зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор албан томилолтоор ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газарт ажиллаа.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны товч мэдээг танилцуулсны дараа Шүүхийн тамгын газрын дарга Б.Ерханат тамгын газрын үйл ажиллагаа болон тамгын газарт тулгарч буй асуудлын талаар танилцуулав. Үүнд: Тус шүүхийн шүүх хуралдааны танхимын тавилгыг 2007 онд сольсон бөгөөд өнөөдрийг хүртэл шинэчлэл хийгдээгүй, шүүхийн албаны 2 орон сууц нь хуучирч, засвар хийх шаардлагатай болсон тул дэмжлэг хүсэв.

Танилцуулгын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд өөрчлөн байгуулагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш 4 сарын хугацаанд гүйцэтгэсэн ажил, чиг үүргийн хороод, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын горим, үйл ажиллагаа зэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр энэ хугацаанд батлагдсан дүрэм, журмуудыг судлах, хэрэгжүүлэх ажилд их анхаарал тавих хэрэгтэйг тэмдэглэн, дутуу дулимаг ойлгосноос хэрэгжүүлэх боломжгүй гэж хойш сууж няцахгүйгээр дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх нь чухал. Шинэчлэгдсэн дүрэм, журмуудын хүрээнд шүүх хуралдааныг шуурхай, зохион байгуулалттай явуулаад эхлэхээр ажилд ахиц гарна гэдгийг дурдаж байлаа. Мөн Баян-Өлгий аймгийн шүүхийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн гомдол, саналгүй. Шүүхийн тамгын газар үйл ажиллагаандаа шинэ арга барил нэвтрүүлж, хэрэгжүүлж байгааг сайшааж, шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлуудыг судалж, хариу өгч ажиллана гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороод, ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, хуульд заасан 5 чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон шинээр батлагдсан журмуудын онцлох зохицуулалт, уялдаа холбоо, цаашид батлагдах бодлогын баримт бичгүүдийг боловсруулж буй тухай танилцууллаа. Уулзалтын үеэр шүүгч нар шүүхийг тойргийн журмаар байгуулах асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж, бусад асуудлаар харилцан санал солилцон, асуулт асууж, хариулт авав.

Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулсан сургалтад цахимаар оролцож амжилттай дүүргэсэн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбект “Шүүхийн захиргааны ажилтны сургалтын сургагч багшийн гэрчилгээ”-г гардуулж, амжилт хүслээ.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-04-14