СУРАГЧДАД ХУУЛЬЧ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГИЙГ ТАНИУЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЯРИА ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-04-29

Монголын Хуульчдын холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны өдөрлөгийг жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Уг арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар, тус аймаг дахь Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ахлах шинжээч, аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн өмгөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ ТА БИДНИЙ ҮҮРЭГ” сэдэвт хуульчийн про боно өдөрлөгийн хүрээнд тус аймгийн хуульчдын төлөөлөл Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд ажиллаж, ахлах ангийн сурагчдад хуульч мэргэжлийн онцлогийг таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлага хийж, сургалт зохион байгууллаа.

Тус сургуулийн 10-12 дугаар ангийн 83 сурагч оролцсон уг арга хэмжээнд:

- Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ахлах шинжээч Л.Уранчимэг “Хүүхдийн эрх” сэдвээр,

- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч К.Жайдархан “Цагдаагийн мэргэжлийн онцлог”, “Хүүхдийг эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр,

- аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн, өмгөөлөгч А.Серикжан “Өмгөөлөгч мэргэжлийн онцлог”, “Хүүхдийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх” сэдвээр,

- тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина “Прокурор мэргэжлийн онцлог”, “Архи, тамхины хор нөлөө” сэдвээр,

- Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Шүүгч мэргэжлийн онцлог”, “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл хийж, сурагчидтай халуун дотно яриа өрнүүлэн, сонирхсон асуултад нь хариулж, сургалт зохион байгуулсан байна.

Сургалт зохион байгуулсан хуульчдын баг “ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ ТА БИДНИЙ ҮҮРЭГ” сэдэвт хуульчийн про боно өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан нөлөөллийн уг арга хэмжээг цаашид 2022 оны 5 дугаар сард багтааж Өлгий сумын Ерөнхий боловсролын бүх сургуулиудын сурагчдын хүрээнд, 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногоос эхлэн Баян-Өлгий аймгийн бүх сумдын Ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд Монгол, Казах хэл дээр зохион явуулахаар тогтлоо.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,

2022-04-29