ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.АРМАНБЕКИЙН “ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ ДЭХ ЭНЭРЭНГҮЙ ЁСНЫ ЗАРЧИМ” ӨГҮҮЛЭЛ МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙ СЭТГҮҮЛД НИЙТЛЭГДЛЭЭ

  • 2022-05-05

Монгол Улсын дээд шүүхээс 1995 оноос эхлэн “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийг санаачлан гаргаснаас хойш өнөөг хүртэл 27 дахь жилдээ 99 дугаарыг эрхлэн гаргаж, төр, эрх зүйн онол, шүүхийн практик, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр нийт 987 өгүүлэл, нийтлэл хэвлэжээ. 2022 оны 1 дүгээр улиралд Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан мэргэжлийн, эрдэм шинжилгээний улирал тутмын тус сэтгүүлийн 100 дахь дугаарт Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбекийн бичсэн “Эрүүгийн эрх зүй дэх энэрэнгүй ёсны зарчим” сэдэвт өгүүлэл нийтлэгдсэн байна.

Өнгөрсөн хугацаанд уг сэтгүүлд үндэсний эрдэмтдийн 110 бүтээл, гадаадын судлаачдын буюу Регенбургийн их сургууль, Японы Нагояагийн их сургууль, Оросын бүх ард түмний найрамдлын их сургууль, ХБНГУ-ын Холбооны шүүгчийн болон Бавари муж улсын Захиргааны сургуулийн эрдэмтэн судлаачдын бүтээл нийтлэгдсэн бөгөөд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Нийгмийн ухааны салбарын бага чуулган, академийн тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Монголын төр, эрх зүй сэтгүүл”-ийг шинжлэх ухааны бүтээл нийтлэх эрх бүхий мэргэжлийн сэтгүүлийн нэгдсэн жагсаалт буюу “Дотоодын мэргэжлийн, эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалт”-д бүртгэсэн байдаг.

 

Нэр хүндтэй, өндөр шалгууртай, мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл нь нийтлэгдсэн Б.Арманбек нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг 2020 онд төгсөж, ажлын гараагаа тус шүүхийн орчуулагчаар эхлүүлсэн бөгөөд өдгөө шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар амжилттай ажиллаж буй манай тэргүүний захиргааны албан хаагчдын нэг юм.

Б.Арманбектээ баяр хүргэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН,

ТУС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-05-05