БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2022-06-28

Эрүүгийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 8 хэрэгт нэмж 97 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 105 эрүүгийн хэргээс 4 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 85 хэргийг шийдвэрлэж, 16 хэргийн үлдэгдэлтэй байна.

2022 оны эхний хагас жилийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах 1, бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах 1, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 24, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 5, хүчиндэх 5, хулгайлах 9, дээрэмдэх 1, залилах 4, мал хулгайлах 7, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 1, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 2,  хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 4, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 8, бусад 13 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 85 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 1 хүн, 18-21 насны 17 хүн, 22-29 насны 17 хүн, 30-34 насны 17 хүн, 35-аас дээш насны 31 хүн, үүнээс 60-аас дээш насны эрэгтэй хүн 1, Шүүхээр ял шийтгүүлсэн 85 хүний 32 хүнийг хорих ялаар, 30 хүнийг торгуулийн ялаар, 6 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 17 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 7 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 10,880,000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн  85 эрүүгийн хэргийн улмаас 79 эрэгтэй, 37 эмэгтэй, насанд хүрээгүй 9 хүүхэд, 2 хуулийн этгээд, 6 төрийн байгууллага хохирч, 5 хүн нас барсан бөгөөд 30 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 8 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 207,355,706 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 5 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоожээ. Тус шүүх нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 1 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 1 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ. Энэ хугацаанд 5 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 5 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол 7 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн 289 хэргийг хүлээн авч, 275 зөрчлийн хэрэг шийдвэрлэснийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 84 зөрчлийн хэргээр буюу 30,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-06-27