ДОТООДЫН СУРГАЛТЫГ “ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ БЭЛТГЭХЭД ШААРДАГДАХ “ШҮҮХИЙН ПРАКТИК СУДАЛГААНУУД”-ТАЙ ТАНИЛЦЛАА

  • 2022-11-08

Тус шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулахад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа. /2022-11-07/

Тус сургалт Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 29 дүгээр тогтоолыг нэг мөр хэрэгжүүлэх, шүүгчийн туслахын шийдвэрийн төсөл боловсруулах хуульчилсан чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүй, эзэмшвэл зохих мэргэжлийн ур чадвар, шийдвэр боловсруулахад удирдлага болгох процессын эрх зүйн суурь зарчмууд, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтын хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиглэлээр явагдаж, дээрх сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, шүүхийн зарим шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийснээр өндөрлөлөө.

 Сургалтын эхэнд Ерөнхий шүүгч С.Өмирбек тус аймаг дахь шүүхийн Тамгын газарт захиалж хийлгэсэн, шүүгчид шүүхийн шийдвэрийн хураангуй бэлтгэхэд урьдчилсан байдлаар шаардагдах “шүүхийн практик судалгаанууд”-ын боловсруулалттай танилцаж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт судалгааг боловсронгуй болгох хугацаатай даалгавар, арга зүйн зөвлөмж өглөө.

 Энэ хүрээнд шүүгчийн туслах М.Маншүк, Б.Ардабек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар “Гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой маргааны судалгаа”, “Худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой маргааны судалгаа”, “Гэр бүлийн холбогдолтой иргэний хэргийн судалгаа” сэдвээр, шүүгчийн туслах Т.Маншүк, Б.Хундыз, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар “Зээлийн гэрээтэй холбоотой маргааны судалгаа”, “Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж буй хэргийн судалгаа”, “Хөдөлмөрийн маргааны судалгаа” сэдвээр, шүүгчийн туслах Т.Айбек, Т.Хуаныш нар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн судалгаа”, “Хулгайлах гэмт хэргийн судалгаа”, “Залилах гэмт хэргийн судалгаа”, “Байгаль орчны эсрэг гэмт хэргийн судалгаа” сэдвээр, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос “Хулгайлах зөрчлийн хэргийн судалгаа”, “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн хэргийн судалгаа” сэдвээр тус тус шүүхийн практик судалж, судалгааны явц, боловсруулалт, дүгнэлтээ хэлэлцүүлсэн байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-11-08