АЖИЛТНЫГ СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХДАА ТҮҮНИЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗААВАЛ АВНА

  • 2022-11-21

/Шүүхийн шийдвэрийн хураангуй/

САНАМЖ: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл түгээх зорилготой болно. Хураангуйг хуулийн хүчин төгөлдөр болсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж боловсруулав.

Нэхэмжлэгч “Х”-г хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад нь ажил олгогч сумын Засаг дарга захирамж гаргаж тус сумын өөр нэг цэцэрлэгчийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах шийдвэр гаргажээ. Нэхэмжлэгч Х “...Хөдөлмөрийн тухай хуулиар сэлгэн ажиллуулахаас өмнө ажилтантай харилцан тохиролцсон байх ёстой боловч ажил олгогч надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцохгүйгээр шууд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан нь миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байна...” гэсэн агуулгаар шүүхэд гомдол гаргасан бол хариуцагч сумын Засаг даргаас “ажилтан Х-г түүний албан тушаал, цалин, ажиллах нөхцөлийг нь бууруулахгүйгээр сэлгэн ажиллуулсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд, гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж хуульчилсан. Үүнээс дүгнэвэл, ажил олгогчоос ажилтныг сэлгэн ажиллуулахаар бол ажилтантай заавал харилцан тохиролцож түүний сайн дурын үндсэн дээр өгсөн зөвшөөрлийг авсан байхаас гадна ажилтныг зөвхөн тухайн байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд, гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд “ажилтныг сэлгэн ажиллуулж болно” гэсэн агуулгатай заалт тусгагдсан нь түүний зөвшөөрлийг тухайлан авахгүйгээр, тухайн байгууллагын дотор, харьяа нэгж, салбарын хооронд үл хамаарах өөр төсвийн байгууллагад сэлгэн ажиллуулсан ажил олгогч буюу сумын Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, ажилтны “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажил олгогчийн сэлгэн ажиллуулах тухай хууль бус шийдвэрийг хүчингүй болгох” тухай гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн практик судалгаа: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулиар 54 хэрэг шийдвэрлэснээс 41 хэргийг шүүх хуралдаанаар, 13 хэргийг хялбаршуулсан журмаар тус тус шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт шийдвэрлэсэн хэргийн 6,5 хувийг эзэлж байна.

Баян-Өлгий аймагдахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:  2022-03-03, №130/ШШ2022/00233; https://shuukh.mn/single_case/111431?daterange=2022-01-01%20-%202022-09-07&id=1&court_cat=1&bb=1

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал: 2022-05-02, №212/МА2022/00042; 

https://shuukh.mn/single_case/24373?daterange=2022-01-01%20-%202022-11-17&id=2&court_cat=1&bb=1

            Хураангуйг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек