ГЭР БҮЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ХЭРЭГ МАРГААНЫ ШИЙДВЭРЛЭЛТ

  • 2022-12-06

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 821 иргэний хэрэг шийдвэрлэснээс гэр бүлийн холбогдолтой /гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, эцэг, эх байх эрх хасах гэх мэт/ 53 хэрэг шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн хэргийн 6,4 хувийг эзэлж байна.

2. Дээрх 53 хэргийн 45 нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай байсан бол 7 нь хүүхдийн эцэг тогтоолгох, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, 1 нь эцэг, эх байх эрхийг хасуулах тухай шаардлага бүхий хэргүүд байжээ.

3. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлага бүхий 45 хэрэг шийдвэрлэснээс 31 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж гэрлэлтийг цуцалж, 14 хэргийг гэрлэгчид шүүхийн шатанд эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Дээрх шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг нь цуцалсан 31 гэр бүлээс 3 нь дундаа хүүхэдгүй байсан бол 5 хэрэгт 1-7 насны 7 хүүхдийг, 17 хэрэгт 7-11 насны 36 хүүхдийг, 5 хэрэгт 12-18 насны 14 хүүхдийг, нийт насанд хүрээгүй 57 хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх тогтоож, хуульд зааснаар эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн, 1 хэргийн нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг шаардах нэхэмжлэл гаргаагүй байна.

5. Мөн хүүхдийн эцэг тогтоолгох, эцгээр нь тэжээн тэтгүүлэх шаардлага бүхий 7 хэргээс 1 хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хянан шийдвэрлэсэн бол шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 6 хэрэгт 7-11 насны 9 хүүхдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, эцэг, эх байх эрхийг хасуулах шаардлага бүхий 1 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй дээрх 53 хэргээс 37 /70 хувь/ хэргийн хариуцагч /нөхөр/ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар, 8 хэргийн гэрлэгчид удаан хугацаанд тус тусдаа амьдрах болсон, эсхүл гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэх шалтгаанаар, 1 хэргийн гэрлэгчид садан төрлийн харилцаатай гэдгээ хожим мэдсэн гэх шалтгаанаар, 5 хэргийн зохигч гэр бүлийн орчинд таарамжгүй харилцаатай гэх, 1 хэргийн хариуцагч /нөхөр/ эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх гэрлэлтийг цуцлах болсон шалтгааныг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

7. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай 53 хэргээс 5 хэргийн нэхэмжлэгч нь эрэгтэй /нөхөр нь/, үлдсэн 48 хэргийн нэхэмжлэгч нь эмэгтэй /эхнэр нь/ тус тус шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэл гаргажээ.

8. Гэрлэгчдийн гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн насны байдлаар нь ангилан авч үзвэл, нэхэмжлэгч нь 18-25 насны 3, 26-35 насны 38, 36-45 насны 11, 56-аас дээш насны 1 иргэн байсан бол хариуцагчийг насны байдлаар нь авч үзвэл 18-25 насны 2, 26-35 насны 33, 36-45 насны 16, 46-55 насны 2 хүн тус тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

9. Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн гэрлэлт цуцлуулах тухай шаардлага бүхий 31 хэргээс 10 хэргийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг шүүхээр шийдвэрлэсэн бол 21 хэрэгт гэр бүлийн гишүүд дундын эд хөрөнгийн талаар маргаагүй байна.

10. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч нь 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 532 өргөдөл хүлээн авч 304 өргөдөл шийдвэрлэснээс Гэр бүлийн тухай хуулиар 62 өргөдөл хүлээн авч, 10 өргөдлийн уригдах тал нь хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр татгалзаж, 3 өргөдлийн өргөдөл гаргагч нь татан авч, 37 өргөдлийг шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт шийдвэрлэсэн өргөдлийн 12,1 хувийг эзэлж байна. Үүнээс 20 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдсан бол 17 өргөдөлд гэрлэгчид эвлэрэхээс татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

2022.12.06