“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭГДСЭН БАЙДАЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ: ХАМТАРСАН БАГИЙН ЧИГ ҮҮРЭГ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

  • 2022-12-16

Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн газраас хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа. Уг сургалтад Өлгий сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хэсгийн байцаагч, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, багуудын нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйч зэрэг 60 гаруй хамтарсан багийн гишүүд хамрагдсан бөгөөд шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрхийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл тус тусын чиглэлээр хичээл зааж, сургалтад оролцогчдод зохион байгуулагч байгууллагаас гэрчилгээ гардуулсан байна.

  

  

  

Уг сургалтын хүрээнд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх эрүүгийн болон зөрчлийн хэргийн шийдвэрлэгдсэн байдал, дүн шинжилгээ: Хамтарсан багийн чиг үүрэг” сэдвээр хичээл зааж, хамтарсан багийн гишүүдийн сонирхсон асуултад хариулж, сургалт үр дүнтэй болж өндөрлөжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн халамжийн, хүүхэд хамгааллын, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг ажиллахаар хуульчилсан ба хамтарсан багт  өрхийн эмч, баг хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн мэргэжилтнүүд ажиллах бөгөөд багийн Засаг дарга нар ахлан ажиллана.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-12-15