“НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ДААТГАЛ” МЭРГЭЖЛИЙГ МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ГЭРЧИЛГЭЭ ОРЛОХГҮЙ

  • 2023-01-10

Санамж: “Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.”

 

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдсан бөгөөд иргэн Н.Ж бүртгүүлэх гэсэн боловч  Төрийн албаны салбар зөвлөлөөс  түүнийг “аудиторын албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангаагүй” гэж бүртгэхээс татгалзжээ.

Ажил олгогчоос баталсан дээрх албан тушаалын тодорхойлолтод зааснаар аудитораар ажиллахыг хүссэн иргэнд мэргэжлийн хувьд нягтлан бодох бүртгэл, санхүү, даатгал, эдийн засаг, эрх зүйч байх, мэргэшлийн хувьд төрийн албаны богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх шаардлагыг тавьжээ.

  Иргэн Н.Ж нь “... бизнесийн удирдлагын мэргэжилтэй,  мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгосон гэрчилгээтэй, тус албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангаж байгаа” гэж,  Салбар зөвлөл нь  “... бизнесийн удирдлагын мэргэжил нь албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжилд таарахгүй, мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээг дээд боловсролын бакалаврын дипломтой дүйцүүлж үзэхгүй” гэж  тус тус маргажээ.

Шүүхээс “мэргэжил”, “мэргэшил” нь өөр өөр ойлголт бөгөөд иргэн Н.Ж-ийн “бизнесийн удирдлагын мэргэжил” нь маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтод заасан  нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, санхүү, даатгалын мэргэжилд хамаарахгүй, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалтад хамрагдсаныг нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, санхүү, даатгалын мэргэжил эзэмшсэн гэж үзэхгүй гэж дүгнэв.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр: 2023.01.04 №110/ШШ2023/0004, www.shuukh.mn

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза