Хугацаат цэргийн алба хаасан хугацааг төрийн захиргааны  албад томилогдоход шаардагдах  хуулиар тогтоосон хугацаанд оруулахгүй

  • 2023-01-12

Хугацаат цэргийн алба хаасан хугацааг төрийн захиргааны  албад томилогдоход шаардагдах  хуулиар тогтоосон хугацаанд оруулахгүй

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 110/ШШ2021/0065

Тоймын огноо, дугаар: 2022 оны 12 дугаар сарын 07, Дугаар 01

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон    

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд  олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  тушаалаар Тамгын газрын Хууль, эрх зүйн  хэлтсийн даргаар ажиллаж байсан  Г.Ш-г албан тушаалаас  нь чөлөөлж, тус хэлтсийн эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж, албан тушаалыг нь бууруулжээ.

Нэхэмжлэгчээс “... хуулиар  төрийн албад ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын  50 хувийг хангаснаар  төрийн албаны тусгай шалгалтад орж тэнцэж  шатлан дэвших зарчмын дагуу тухайн албан тушаалд анх томилогдсон ...” гэж, хариуцагчаас “... төрийн албад 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлагын 50 хувийг хангаагүй байхад  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн  хэлтсийн даргаар томилогдсон тул  хууль бус гэж үзэж, албан тушаалыг нь бууруулсан ” гэж гэж тус тус маргажээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь  хугацаат цэргийн алба хаасан 1 жилийн хугацааг төрийн албад ажилласан хугацаанд нэмж тооцно гэж маргасан байх ба харин  шүүхүүд  нь уг хугацааг төрийн албад томилогдоход шаардагдах хуулиар тогтоосон хугацаанд орохгүй, харин цэргийн алба хаасан 1 жилийн хугацаа нь  төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход  хамаарах   хугацаа гэж үзсэн болно.

Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/8312?daterange=2021-01-01%20-%202023-01-12&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша