ГЭР БҮЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ УРЬДЧИЛСАН АРГА ХЭМЖЭЭ НЬ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСНААР ДУУСГАВАР БОЛНО

  • 2023-01-31

(2023.01.31, №02, процессын тойм)

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Шүүхийн нэр, магадлалын дугаар: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, шүүхийн тогтоол, 2022.01.20. №03

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

К нь нөхөр С-т холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж К, С нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн шүүгч захирамжаараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх хүртэл хугацаанд хүүхдийг эцгийнх нь асрамжид түр байлгахаар “урьдчилсан арга хэмжээ”-г авсан боловч шүүхийн шийдвэр гаргахдаа хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэх явцад эх К-аас “анхан шатны шүүхийн шийдвэрээр хүүхдийг миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн боловч нөхөр С нь эцгийн асрамжид түр байлгах шүүгчийн захирамжийг үндэслэж хүүхдийг миний асрамжид өгөхгүй байна” гэсэн агуулгатай хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэхийн өмнө шаардлагатай гэж үзвэл “насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр байлгах” урьдчилсан арга хэмжээ авах эрхтэй. Гэхдээ хуульд зааснаар уг арга хэмжээ нь тухайн гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

Иймээс хүүхдийг эцэг С-ийн асрамжид түр байлгасан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь түүнийг эхийнх нь асрамжид үлдээсэн шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болсон ба уг шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид биелүүлэх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш