ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙ БОЛ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛНА

  • 2023-01-31

(2023.01.31, №02, процессын тойм)

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Шүүхийн нэр, шүүгчийн захирамжийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүгчийн захирамж, 2023.01.13 №130/ШЗ2023/00245

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Иргэн Х нь  А банканд холбогдуулж тус банктай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “шүүхийн журмаар хариуцагч талаас нотлох баримт гаргуулах, гэрчээс мэдүүлэг авах, улмаар шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болохоор хуульчилсан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаас нь оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч иргэний хэрэг үүсгэсэн үеэс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл хугацаанд дээрх хүсэлтээ гаргаагүй, гаргах, санал болгох бололцоотой атлаа хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед дээрх хүсэлтийг гаргаж хугацаа хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тогтоогдоогүй учраас түүний дээрх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “шүүхийн журмаар хариуцагч талаас нотлох баримт гаргуулах, гэрчээс мэдүүлэг авах” тухай хүсэлтээ урьд нь гаргах буюу санал болгох бололцоогүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүхэд нотлох үүрэгтэй ба уг нөхцөл байдлыг нотлоогүй тохиолдолд хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй болно.

Процессын тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл