ШИНЭЭР ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛ ӨМНӨХ ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛСАН ШИЙДВЭРИЙН УЛМААС ЗӨРЧИГДӨХГҮЙ

  • 2023-02-10

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2023.02.01-ны өдрийн No110/ШЗ2023/0034

Тоймын огноо дугаар: 2023 оны 02 дугаар сарын 09, Дугаар 01

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно


        Нэхэмжлэгч “Н”–ээс гаргасан  сумын  Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан  аймгийн Засаг даргын  2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүх захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа.

        Н”-ийн нэхэмжлэлтэй уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар   сумын Засаг даргаар томилогдсон “С” нь  гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасан.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулах   зохицуулалттай.

        Нэхэмжлэгч “Н”-ээс сумын Засаг даргаар “С”-г томилсон аймгийн Засаг даргын захирамжтай маргаагүй бөгөөд   “С”-г  Засаг даргаар томилохоос өмнөх  үйл баримт болох  “Н”-ийг Засаг даргаас огцруулсан захирамж  хууль бус эсэхтэй холбоотой маргааны улмаас   “С”-ийн эрх хөндөгдөхгүй гэж үзээд   түүнийг энэ хэрэгт   бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзаж  шийдвэрлэсэн болно.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш