ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨР 2022 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ЧАНАР, ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

  • 2023-02-13

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн ээлжит зөвлөгөөнийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтад хуульчилсан Ерөнхий шүүгчийн “шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх” бүрэн эрхийн хүрээнд 2022 оны шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний удирдлагын талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөнөөр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны шүүн таслах ажиллагааны статистик мэдээ, эрүү, иргэн, зөрчлийн хэргийн чанарын үзүүлэлт болон шүүгч тус бүрийн илтгэж танилцуулсан эрүү, иргэний хэргийн шийдвэр, магадлалын чанарын үзүүлэлтийг Улсын дээд шүүхээр хянагдсан хэрэг тус бүрээр хэлэлцэж дүгнэн, уг судалгаа, мэдээллийг хяналтын шатны эрүү, иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын хамт эмхэтгэхээр шийдвэрлэжээ.

Шүүхийн практик судалгаа, тоон мэдээллээс үзвэл тус шүүх 2022 онд 106 иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэснээс хэргийн оролцогчийн гомдлоор 44 хэргийг /41.5 хувь/ Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Үүнээс Улсын дээд шүүхээс буцааж ирүүлсэн 43 иргэний хэргийн 38 хэргийн /90,6 хувь/ магадлал хэвээр үлдэж, 1 хэргийн магадлалд өөрчлөлт орж, 2 хэргийн магадлал хүчингүй, анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж, 1 хэргийн шийдвэр, магадлал тус утс хүчингүй болж, хэргийг дахин шийвэрлүүлэхээр хяналтын шатны шүүхээс шийдвэрлэжээ. Тус давж заалдах шатны шүүх 2022 онд нийт 48 эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэснээс оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр 25 хэргийг /52 хувь/ Монгол Улсын дээд шүүхэд хянуулахаар хүргүүлж, үүнэээс хяналтын шатны шүүхээс буцаан хүргүүлсэн 20 хэргийн 18 хэргийн /90 хувь/ магадлал хэвээр, 2 хэргийн магадлалд өөрчлөлт орсон, хүчингүй болсон магадлал байхгүй байна.

Зөвлөгөөнөөр тус шүүхийн 2022 оны бүтэн жилийн хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаарх судалгаа-мэдээлэл, live.shuukh.mn буюу шүүх хуралдааны явцыг мэдээлэх системийн хэрэгжилтийн талаар Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерланы танилцуулгыг хэлэлцээд, анхаарах асуудлуудыг тодорхойлж, цаашид цахим системд оруулах эрх зүйн баримт бичгийг хугацаа хожимдуулахгүйгээр баталгаажуулалт хийх, live.shuukh.mn-ийг бүрэн, зохих ёсоор хөтлөх талаар хариуцвал зохих шүүхийн захиргааны ажилтнуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.

Зөвлөгөөнөөс шүүхийн практик, статистик тоон мэдээлэлд үндэслэгдсэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүнгийн судалгаа, мэдээллийг хагас жил тутам гаргаж шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулахыг шүүгчийн туслах Ө.Мөнхцэцэгт, хэргийн хөдөлгөөний удирдлага, хяналтын талаарх мэдээлэл буюу хэргийн хөдөлгөөний нэгдсэн цахим системүүдийн хэрэгжилтийг шалгасан тухай дүгнэлтийг 7 хоног бүр Ерөнхий шүүгчид танилцуулж байхыг Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерланд тус тус үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.02.13