ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ ШҮҮГДЭГЧИЙГ АЛБАДАН ИРҮҮЛНЭ

  • 2023-02-15

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.12.30 №05

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тойм: №02, 2023.02.14

Санамж: Энэхүү мэдээлэл нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, харин шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Аймгийн Прокурорын газраас Т-д Эрүүгийн хуульд заасан “Мал хулгайлах” болон “Хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх яллагдагч Т-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1300 цагт товлож, товыг улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч нарт 7 хоногийн өмнө мэдэгдсэн.

            Шүүхээс шүүгдэгч Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч Т нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах бөгөөд яллагдагч /шүүгдэгч/ шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна гэж заасан.

            Түүнчлэн шүүгдэгч нь шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй болно.

Шүүхээс шүүгдэгч Т-г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгаж, шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат.