ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН ХҮНД БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХГҮЙ

  • 2023-02-16

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Шүүхийн нэр, магадлалын дугаар: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Зөрчлийн хэргийн магадлал, 2023.02.07. №05

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Г-г “архи ууж ирлээ” гэж хэлснээс нь болж хэрүүл маргаан үүсгэж, 1, 4, 6 настай гурван хүүхдийнхээ дэргэд хоолны ширээг хөлөөрөө өшиглөж эвдэх, дээр нь байсан боорцгийн тавгийг хагалах зэргээр зүй бус авирлаж, гэр бүлийн гишүүдийн амар тайван амьдрах эрхийг зөрчин сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэнийг анхан шатны шүүхээс Ж-г “хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэн Зөрчлийн тухай хуульд зааснаар 8 хоногийн баривчлах шийтгэл оногдуулжээ.

Ж нь урьд ослын улмаас баруун хөлийн шилбэний доод хэсгээр болон 2 гарын 8 хуруу, зүүн хөлийн 5 хуруугаа тайруулсан, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан талаарх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын “хугацаагүй” шийдвэрийг давж заалдах гомдолдоо хавсаргасан бөгөөд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх үед энэ тухай шүүхэд мэдэгдээгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд шүүх баривчлах шийтгэлийг оногдуулахгүй, харин түүнд баривчлах шийтгэлийн нэг хоногийг арван таван нэгж буюу 15.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэлээр тооцож оногдуулахаар хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Ж-д оногдуулсан баривчлах шийтгэлийг “хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан” үндэслэлээр, хуульд заасан журмаар торгох шийтгэлээр сольж оногдуулахаар шийдвэрлэв.  

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек