1995 ОНООС ХОЙШ МАЛЧНААР АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙДЛЫГ ТОГТООХОД УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ

  • 2023-02-20

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.01.30 №456

Тоймын дугаар,огноо: №02, 2023.02.13

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн А нь “1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх улсад ажиллаж байсан байдлыг, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчин байсныг тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч А ямар байгууллагад малчнаар ажиллаж байснаа хүсэлтдээ тодорхой тусгаагүй, мөн Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журамд 1995 оноос хойш малчин байсан хүмүүсийн малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл тодорхойлно гэж заасны дагуу тус зөвлөлд хандаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байвал, мөн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байдаг.

Иймд шүүх А-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, дээрх байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген