АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ЗӨВХӨН ХАВСРАЛТ БОЛОН ГЭРЭЭНИЙ ХАМТ ХҮЧИНТЭЙ

  • 2023-03-09

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.16-ны өдрийн No110/ШШ2022/0052

Тоймын огноо дугаар: 2023 оны 03 дугаар сарын 09, Дугаар 04

Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Захиалагчаас 100 ортой дотуур байрны барилгын тендерийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг хүртэл ирүүлэх тухай урилгыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласны дагуу нэхэмжлэгч “Х” ХХК нь урилгад заасан хугацаанд захиалагчийн шийдвэрээр байгуулсан үнэлгээний хороонд тендерээ ирүүлсэн байх ба үнэлгээний хороо нь тухайн тендерт оролцогчдын ирүүлсэн тендерт 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үнэлгээ хийж, нэхэмжлэгчийн тендерээс “тендерийн бичиг баримтад заасан үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй” гэх үндэслэлээр шалгаруулахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч компанийн “барилга угсралт, сунгалт БА-3.1, 6.1, БА-6.2, БА-7.1” барилгын ажлын төрлийн тусгай зөвшөөрлийн хугацааг Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаар тушаалаар 5 жилээр сунгасан, гэрээнд “тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй” гэж заасан, нэхэмжлэгч компани болон Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал хооронд “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ” 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зэрэг үйл баримт нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “... хариуцагч үнэлгээний хорооны тендерт шалгаруулаагүй татгалзал нь хууль бус, тендерт үнэлгээ хийх үед буюу 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрөлтэй байсан” гэж маргажээ.

Шүүх “ цаг хугацааны хувьд, тендерт үнэлгээ хийх өдөр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгасан шийдвэр эрх бүхий байгууллагаас гарсан боловч тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх нөхцөл, шаардлагад хамаарах гэрээ байгуулагдаагүй” үндэслэлээр үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Энэ тохиолдолд, тендерт оролцогч нь зөвхөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөөр тендерт оролцох боломжгүй, тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээтэй байх шаардлагыг хангасан байна гэж үзсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11254?daterange=2022-01-01%20-%202023-03-13&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша