АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЖИЛТНЫ ГАРГАСАН САХИЛГЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР ӨӨРӨӨС НЬ ТАЙЛБАР АВСНЫ ДАРАА ШИЙДВЭРЛЭНЭ

  • 2023-03-24

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.01.17 №63

Тоймын дугаар,огноо: №05, 2023.03.15

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

А нь шүүхэд хандаж, “...надад сахилгын шийтгэл оногдуулж, Ц сумын сургуулийн багшийн ажлаас чөлөөлсөн тус сургуулийн захирлын тушаал нь бодит байдалтай нийцэхгүй байгаа тул ажил олгогчийн хууль бус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан” гэх агуулгатай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь “...нэхэмжлэгч А нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажлын цагаар архи ууж хичээлд ороогүй ажил тасалсан, мөн ажил олгогчийг хэл амаар доромжилж ёс зүйн зөрчил гаргасан тул ажлаас халсан, нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргасан байна.

Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан.

Гэтэл ажил олгогч нь ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа энэ талаар ажилтандаа мэдэгдэж, тайлбар аваагүй, ямар зөрчлийг давтан гаргасныг шалгаж тогтоогоогүй, мөн зөрчлийн шинж, үр дагаврыг хэрхэн дүгнэж үзсэн нь тодорхойгүйгээр арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж шүүх үзэж, сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А-г өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик.